Аймгийн аварга тариаланч Ч.Ганбат: Аймгийнхаа ард иргэдийг экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах хүсэлтэй явдаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хархорин
сумаас сар шинийн босгон дээр гурван “Аймгийн аварга малчин”, “Аймгийн аварга тариаланч”, “Аймгийн аварга фермер” тус
бүр нэг шалгарлаа.
Өвөг дээдсээс уламжлан ирсэн малч ухаан, мал
маллах арга туршлага, газар тариалангийн салбарт
оруулж буй амжилт, бүтээлээрээ нутгийн түмнээ манлайлсан 6 дугаар багийн малчин Б.Довчин, 7 дугаар багийн малчин
Ц.Ганболд, 8 дугаар багийн малчин М.Ганболд болон “Аймгийн аварга тариаланч”
Ч.Ганбат, “Аймгийн аварга фермер” С.Мөнхбат нарт аймгийн Засаг дарга А.Ишдорж
болон сумын удирдлагууд шагналыг гардуулж, хүндэтгэл үзүүлсэн юм.
Энэ үеэр “Аймгийн аварга тариаланч”
Ч.Ганбаттай цөөн хором хөөрөлдлөө.
- Танд баяр хүргэе. Хэдэн жил газар
тариалангийн ажил эрхэлж байна вэ?
-Би удам
дамжсан тариаланч хүн. Миний аав, ээж хоёр Хархорины сангийн аж ахуйн үндэс
суурийг тавилцаж, атар газрын хөгжилд маш их хувь нэмэр оруулж явсан улс. Аав
маань амьдралынхаа 37 жилийг газар тариаланд зориулж, улсын аварга тариаланч
болж байсан. Ээж маань байцайгаар маш их хэмжээний ургац авч, тэргүүлж байлаа.
Би бага
наснаасаа л аавынхаа комбайнд унтаад л, эсвэл ээждээ үүрүүлээд тариан талбайд
өдрийг өнгөрүүлдэг байсан. Тийм болохоор газар тариалангийн салбарт насаараа л
ажиллаж байна даа. 2000 оноос тогтмол ажиллаж эхэлсэн. Удам залгасан тариаланч
болж байгаадаа сэтгэл өндөр байна.
- Та хэчнээн га талбайд хэдэн төрлийн
ногоо тарьдаг вэ, энэ жил ургац арвин хураав уу?
- Хүнсний
ногоо, байцай, төмс тариалдаг. Байцай түлхүү тариална. Энэ намар 17 тонн буюу
13 мянган ширхэг байцай хурааж, аймгийн төв болон хот руу борлуулж саяхан
дууслаа. Ирэх жил 2 га талбайд дан байцай тарих бодолтойгоор үрээ нөөцлөөд
байна. 90 мянган байцай тарина гэсэн тооцоотой байгаа. Бүх аргачлалыг толгойдоо
хийж байж ургуулах болохоос зүгээр хүссэн хүн тооны машин барьж очоод хийдэг
ажил биш.
Тариа,
ногоо тарих нь миний ажлаас гадна хобби юм. Уяач хүн шиг л тариа, ногоотойгоо
ноцолдож явдаг даа. Аймгийнхаа ард иргэдийг экологийн цэвэр бүтээгдэхүүнээр
хангах хүсэлтэй явдаг.
- Сүүлийн жилүүдэд шинэ сортын ургамлуудыг
их тарьдаг болсон байна. Таны хувьд...?
- Шинэ,
шинэ, өвөрмөц сортууд их гарч байна. Ихэнхдээ 90 гаруй хувьтай ургадаг. Төрөлх
нутгаа сайхан ногоон ойтой болгох юмсан гэсэн мөрөөдөлтэй явдаг болохоор шилмүүст
модоор ойжуулалт хийх, бас цагаан будаа тарьж үзэх зорилттой байна. Мундаг
тариаланчдын мөр нь гарсан энэ хөндийг хөгжүүлэх, цэцэглүүлэх ёстой.
- Та ажилчидтай юу?
- Гэр
бүлийн хүн, дөрвөн хүүхэдтэйгээ зургуулаа л ажилладаг. Хүн ажиллуулах их хэцүү.
Ял авсан хүн шиг л ханддаг. Өөрөө өөртөө найдаж л бүх юмаа өөрөө хийж байна
даа.
- Танд амжилт хүсье.