Япон улс хурдан нейтроны реактор барих Билл Гейтсийн төсөлд нэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2022-01-27 11:58:15

ТОКИО. /Yomiuri/. Японы цөмийн эрчим хүчний агентлаг болон тус улсын хоёр том корпорац болох “Mitsubishi Heavy Industries”, “Mitsubishi FBR Systems” Билл Гейтсийн үүсгэн байгуулсан эрчим хүчний “TerraPower” компанитай хурдан нейтроны реактор бүтээх төсөлд оролцох гэрээнд гарын үсэг зуржээ.


Хамтын ажиллагааны хүрээнд талууд цөмийн технологио солилцоно. Тухайлбал, Япон улс 2016 онд татан буулгахаар шийдсэн хурдан нейтрон үржүүлэгч "Монжү" реактор дээрээ ажиллах явцад олж авсан туршлагаасаа хуваалцах юм. Японы тал мөн реакторын аюулгүй ажиллагаатай холбоотой технологиудыг боловсруулна.


“Microsoft”-ыг үүсгэн байгуулагч Билл Гейтс, хөрөнгө оруулалтын “Berkshire Hathaway” сангийн тэргүүн Уоррен Баффет нарын эрчим хүчний компаниуд АНУ-ын Вайоминг муж улсад натри хөргүүртэй хурдан нейтроны реактор барихаар болсноо өнгөрсөн онд мэдэгдсэн билээ.


Энэхүү төсөлд Гейтсийн “TerraPower”, Баффетын “PacifiCorp” компаниуд оролцоно гэж мэдэгдэж байв.


Оргил үедээ 500 МВт хүртэл эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай уг реакторыг барих ажил 2024 онд эхэлж, 2028 онд дуусах төлөвтэй байна.


相关新闻