Борцгор хотон шувуу нь Монгол оронд устаж байгаа ангилалд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-01-26 14:17:59

Ховд /МОНЦАМЭ/. Борцгор хотон нь олон улсын хэмжээнд ховордож болзошгүй ангилалд орсон бол Монгол оронд устаж байгаа ангилалд байдаг нэн ховор шувуу юм.

Борцгор хотон нь манай орны баруун бүс нутагт Их нууруудын хотгорын Хар-Ус, Хар, Айраг, Хяргас зэрэг томоохон нууранд тархан үрждэг байсан бол сүүлийн 20 гаруй жилд тоо толгой нь эрс цөөрч, зөвхөн Хар-Ус, Айраг нуурт цөөн тоогоор үржих болжээ.

Ховд аймаг дахь Хар-Ус нуур нь дэлхий дээрх борцгор хотонгийн зүүн Азийн популяцийн үржлийн чухал нутаг гэж судлаачид тодорхойлсон байна.  Мөн борцгор хотонгийн тоо толгой нь Монгол орны хэмжээнд 110-120 гэж судлаачид үнэлсэн байдаг.


2013 онд хийсэн тооллогоор Хар-Ус нуурт 62 бодгаль хотон тоологдсон. Харин 2020 онд Хар-Ус нуурт 80 гаруй борцгор хотон шувуу зуссан гэх судалгаа байгаа аж. 

Иргэд тус шувууны хошуугаар нь хурдан морины хусуур хийх зорилгоор хууль бусаар агнадаг. Сүүлийн 2 жил дараалан хотон агнасан тохиолдол байгаа. Иймээс Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа зэрэг байгаль орчны салбар байгууллагууд, байгаль хамгаалагч нар “Ховдын бэлэгдэлт хотон шувуугаа хамгаалцгаая” уриалга дэвшүүлэн, хамтран ажиллаж буй. 




相关新闻