Сэлэнгийн баялаг бүтээгчдийн эко хүнсний бүтээгдэхүүнийг нийслэлд худалдаалж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг угтан
зохион байгуулж буй "Цагаан сар-2022" үзэсгэлэн худалдаанд Сэлэнгэ аймгийн баялаг бүтээгчид өөрийн нэрийн бүтээгдэхүүнээрээ оролцож байна.
Эл
үзэсгэлэн худалдаа энэ сарын 10-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотын Хүннү
Шоппинг моллын Экспо танхимд болж байна.
"Цагаан сар-2022" үзэсгэлэн худалдаанд “Сэлэнгэ Таван хайрхан” дундын хоршоо болон дундын хоршооны гишүүн хоршоод болон хамтран ажилладаг хоршоологчдын үйлдвэрлэсэн таван нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож байна. Тодруулбал, цэвэр аарцыг багсарч бэлтгэсэн хорхой ааруул, базмал ааруул, буржгар ааруул, зөөхий гэх мэт цагаан идээ. Мөн баталгаажсан 100 хувь органик төмс, лууван, байцай, сонгино, хүрэн манжин, шар манжин зэрэг хүнсний ногоо. Түүнчлэн зөгийн бүтээгдэхүүн болох баталгаажсан органик зөгийн бал, цэцгийн тоос. Мөн хөлдөөсөн бүтээгдэхүүн байгалийн зэрлэг аньс, чацаргана, далан хальс болон алаг салат, хүрэн манжингийн салат, мөөгтэй лечо, өргөст хэмх зэрэг даршилсан ногоогоор оролцож байна. Эдгээр эко бүтээгдэхүүнээ Сэлэнгэ аймгийн баялаг бүтээгчид Хүннү шопинг моллын 93 дугаар лангуу, органик эрүүл хүнсийг дээдлэгч Friendly Mart дэлгүүр, мөн Сүхбаатар дүүрэгт циркийн баруун талд худалдан борлуулж, нийслэл түмэндээ үйлчилж байгаа ажээ.






