Шинэ Үндсэн хуулийн төслийг хэлэлцэхэд 88 мянга гаруй санал тусгаж байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-01-12 15:37:03
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ, ЗДТГ-ын санаачилгаар зохион байгуулж буй "Үндсэн хууль ба Хүний эрх" эрдэм шинжилгээний хуралд зочин илтгэгчээр хуульч, доктор Б.Гүнбилэг оролцлоо. Тэрээр “Монгол Улсын Үндсэн хууль: Үзэл баримтлал, хүмүүнлэг нийгэм” сэдвээр илтгэл тавьсан юм.

Тэрээр илтгэлдээ, “Хүмүүнлэг нийгмийг манай улсын Үндсэн хуульд энэрэнгүй байх гэдэг талаас нь оруулж байсан. Гэхдээ хүмүүнлэг нийгэм нь хөдөлмөрт үндэслэсэн байх ёстой гэдгийг олон нийтэд ойлгуулах нь зүйтэй” гэсэн юм. 

Хүмүүнлэг нийгэм гэдэг нь тухайн нийгмийн хүмүүс өөрийн болоод бусдын төлөө ажилладаг түүнээсээ сэтгэлийн таашаал авдаг байх хэрэгтэй. Гэвч 1992 оны Үндсэн хуулийн төслийн оршилд “Хөдөлмөрт үндэслэсэн хүнлэг ардчилсан, шударга ёсыг эрхэмлэсэн” гэдгээс ”хөдөлмөрт үндэслэсэн” гэснийг хасчээ. Энэ нь хүмүүсийг халамжид дурлуулах буруу заалт болсон гэдгийг онцолсон юм.

Харин Монгол Улсын гавъяат хуульч С.Цэгмэд “Үндсэн хууль-Монголын ард түмний оюуны бүтээл болох нь” сэдэвт илтгэлдээ,  "Монгол Улсын Үндсэн хууль нь ард түмний хүсэл зоригоос үүдэлтэй. 1992 онд шинэ Үндсэн хууль батлахад гол үүргийг иргэд гүйцэтгэсэн. Тухайн үеийн нийт сонгогчид болох 1.2 сая хүний 75 орчим хувь Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх үед шууд оролцсон. Мөн 200,000 гаруй санал гарсны 44.3 хувийг буюу 88,000 гаруй саналыг төсөлд тусгасан учраас энэ бол Монголын ард түмний оюуны өмч мөн" хэмээн онцолсон.

Тэрээр илтгэлийнхээ төгсгөлд аймгийн ИТХ-аас анх удаа Үндсэн хуулийн өдөрт зориулж эрдэм шинжилгээний  хурал зохион байгуулж байгаад талархал илэрхийлээд, нийгэм улс төрийн хувьд тэмдэглүүштэй томоохон үйл явдал хэмээн дурдсан юм. 


 

相关新闻