Хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөр хоёр үе шаттай хэрэгжинэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт 2022-2025 онд хоёр үе шаттай хэрэгжих “Хог хаягдлын менежментийг сайжруулах” аймгийн дэд хөтөлбөрийг баталжээ. Тус хөтөлбөрийн үйл ажиллагаа 17 сум, 91 багт хэрэгжих юм.
Сүүлийн жилүүдэд Ховд аймгийн
төв болон хөдөө орон нутагт хог хаягдлын хэмжээ эрс нэмэгдэж байна. Одоо тус аймгийн хэмжээнд хог хаягдлын төвлөрсөн цэг 19 байгаа ба энэ нь 414.2 га талбай бүхий газрыг хамарч байна.
Иймээс хог хаягдлыг бууруулах зорилтын дагуу “Хог хаягдлын
менежментийг сайжруулах”
аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулсан. Энэхүү хөтөлбөрт ерөнхий
боловсролын сургуулийн сурагч, цэцэрлэгийн хүүхдүүдийн экологийн мэдлэгийг дээшлүүлэх, энгийн хог хаягдлыг бууруулах,
аюултай хог хаягдлын түр хадгалах байгууламж барих зэрэг 5 үндсэн зорилтын
хүрээнд 23 ажил, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Мөн хог хаягдал тээврийн дуудлагын үйлчилгээ
нэвтрүүлэх, хоггүй аймаг болох зорилт тавьж, орон сууцны хорооллын зарим шаардлагатай
цэгүүдэд зориулалтын хогийн сав байршуулж ажиллахаар боллоо гэж Ховд аймгийн
Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээллээ.