Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-01-06 17:59:51

Ховд /МОНЦАМЭ/. “Шинэ Ховд” төслийн хүрээнд энэ жил Ховд аймгийн хөдөө аж ахуйн салбарт хэд хэдэн томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийнэ. 

Тухайлбал, “Шинэ Ховд” төслийн хүрээнд хэрэгжих “Агро парк” төслийн хүрээнд Алтай, Буянт, Булган, Манхан, Мянгад, Зэрэг, Эрдэнэбүрэн суманд 10 мянган га услалтын систем барьж байгуулна. Тус талбайд тэжээлийн ургамал тарьж, малчдаа хямд, чанартай тэжээлээр хангахаар төлөвлөжээ. Мөн чихрийн манжин тарьж, цаашид элсэн чихэр үйлдвэрлэх, жимс жимсгэнэ тарих гэх мэт 20 шахам төсөл хэрэгжүүлснээр мал аж ахуй, газар тариалангийн салбарыг өргөжүүлэн хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа юм. 

Үүнээс гадна “Шинэ Ховд-Үйлдвэрлэл технологийн парк” төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад 19 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт шийдэгдэж, 2022 оноос ажил нь эхлэх төлөвтэй. Ингэснээр эрчим хүч, дулаан, зам, инженерийн шугам сүлжээ зэрэг дэд бүтэц нь шийдэгдсэн, хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлсэн нөхцөлд иргэн, аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэл эрхлэх боломжтой болох аж.

Эдгээр ажлын үр дүнд Ховд аймагт ажлын байр шинээр бий болох, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээний салбар хөгжих, эко бүтээгдэхүүний нэр төрөл өргөжих боломж бүрдэнэ гэж албаныхан үзэж байна. 

Иймээс төрийн бодлого шийдвэрийг орон нутагт хамтран хэрэгжүүлэх, уялдаа холбоогоо сайжруулах, хамтын ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор өнөөдөр Хүнс, Хөдөө аж ахуйн газар, Шинэ Ховд баруун бүсийн хөгжлийн корпораци хамтран ажиллах “Санамж бичиг” байгууллаа.

Үүнд Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Бямбажав, “Шинэ Ховд баруун бүсийн хөгжлийн корпораци”-ийн дарга Ш.Батжаргал нар гарын үсэг зурж, баталгаажуулав. 

相关新闻