Шуурхай хад

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-01-06 12:40:52

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутаг “Шуурхайн эх” хэмээх газарт өндрөөс унаж цуурсан гэх домогтой Шуурхай (цуурхай) хад байна.

Мөнххайрхан сум нь Ховд аймгийн төвөөс 100 гаруй км зайтай оршдог. Сумын хүн амын 90 гаруй хувь нь урианхай угсаатан юм. Тус суманд нутгийн иргэд, аялагчдын сонирхол татахуйц, өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газар олон байгаагийн нэг бол Шуурхай хад.

"Энэ хад нь мөнх цаст Мөнххайрхан уулын хажуу хормойд оршдог. Ойролцоо байгалийн үзэсгэлэнт газар, гол, жижигхэн нууртай, дэргэд нь очвол жилийн дөрвөн улирлын өнгө, ааш араншинг нэг дороос харахуйц сайхан нутаг” гэж зарим иргэд тэмдэглэжээ.

Мөн нутгийн иргэд, зарим аялагчид тус хадны өвөрмөц тогтоцыг сонирхон, зураг авч баталгаажуулсан байна.  



Ховд аймагт Мөнххайрхан, Хөх сэрх, Баатар хайрхан, Мянган угалзат зэрэг том уулс бий.

Үүнээс Мөнххайрхан уул нь Баян-Өлгий аймгийн Булган сум, Ховд аймгийн Мөнххайрхан сумын хил залгаа нутгийг дамнан 40-80 км-ийн өргөнтэйгөөр баруун хойноос зүүн урагш 200 гаруй км үргэлжлэн оршдог. Ноён оргил нь 4362 м өндөр бөгөөд манай орны мөнх цас мөсөн гол бүхий хоёр дахь өндөр оргил юм. Уулсын мөсний зузаан 130 гаруй м байгаа нь тус орны гол мөрний нийлбэр урсацаас бараг хоёр дахин, газар доорх хөдөлгөөнт усны нөөцөөс тав дахин их цэвэр усны нөөц аж. Булган, Сэнхэр, Үенч, Бодонч зэрэг томоохон голууд Мөнххайрхан нуруунаас эх авч урсдаг. Энд аргаль угалз, янгир, буга, ирвэс, Алтайн хойлог, ятуу, чоно, мануул үен, суусар, голын халиу, минж зэрэг амьтан нутаглахаас гадна хоёр нутагтан мөлхөгчдийн олон төрөл зүйл нэг дор оршдог дөрвөн том тархац нутгийн нэг. Монгол Улсын улаан номонд орсон Тойрмын гүрвэл ганцхан энд байдаг гэнэ. Тус уулыг 2006 онд тусгай хамгаалалтад авчээ.

Ховд аймгийн нутаг дэвсгэр дэх аялал жуулчлалын таван маршрут байгаагийн нэг нь Мөнххайрхан уулын чиглэл юм. 

"Энд түүх соёлын ховор дурсгалуудыг үзэж судлах, нэн ховор амьтан ургамалтай танилцах, байгалийн сайханд явганаар болон мориор аялах, уулчид, тамирчдын хувьд Мөнххайрхан ууланд өндрийн авиралт хийх, урианхай, торгууд, захчин, казак зоны уламжлалт аж төрөх ёс, зан заншил, эд өлгийн болон оюуны, ахуйн соёлтой танилцах, рашаан эмчилгээгээр үйлчлүүлэх, загсчилах зэргээр аяллын өргөн үйлчилгээг хүртэх боломжтой" гэж зарим аялагчид хэллээ.   

相关新闻