Сэлэнгэ аймагт 2021 онд өрнөсөн онцлох ажлууд
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Ахмадууд санаачлан уриалж, соёлын үнэт өвөө сэргээн засварлав
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Р.Ганхуяг
даргатай Сэлэнгэ аймгийн Ахмадын хороо үйл ажиллагаагаараа улсдаа тэргүүлдэг ахмадын байгууллага. Тус хамт олон санаачлан Ардын хувьсгалын 100, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны
түүхт 90 жилийн ойн хүрээнд соёлын үнэт өв болсон хөшөө дурсгалуудыг сэргээн
засварлаж, олон нийтийг хамарсан бүтээлч ажиллагаанд ахмадуудаа уриалан дуудаж,
идэвх зүтгэлтэй манлайлан оролцсон нь 2021 оны бүтээлч онцлох ажил болж байна.
Тодруулбал
Сэлэнгэ
аймгийн төв Сүхбаатар
сумын Хонгорморьт 1 дүгээр багийн нутагт орших Ханын хөндий дэх Партизан цэргүүдэд зориулсан хөшөөг сэргээн засварлажээ. Энэхүү түүхт
газарт Ардын журамт цэрэг 1921 оны 3-р сарын эхээр цуглаж, 4 хороо болон цэргийн зохион
байгуулалтад орж байсан аж. Түүхийн
гэрч болсон энэ газар нутагт эх орон тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж явсан
партизан цэргүүдэд зориулж 1946 онд ардын хувьсгалын 25 жилийн ойгоор
дурсгалын самбар, 1981 онд ардын хувьсгалын 60 жилийн ойгоор хөшөө дурсгалын
цогцолбор болгон нээж байжээ. Зах зээлд шилжсэн 1990-ээд оны эхээр ухвар мөчид
хүмүүс зэс хөөмөл хөшөөг нурааж зэсийг нь авч сүйтгэсэн аж. Энэхүү дурсгалын
хөшөөг сэргээн засварлаж харьяа Алтанбулаг суманд хүлээлгэн өгчээ. Ахмадуудын санаачилгаар иргэд олон нийтийн
хандив, аймаг, орон нутгийн тус дэмээр Хөшөөг шинэчлэн
засварлах ажлыг Ч.Дэмбэрэлсайхан захиралтай “Сэлэнгэ Ундрам”ХХК гүйцэтгэжээ.
Нийгмийн тулгамдсан асуудал болох
хүүхдийг цахим донтолтоос сэргийлэх ажлыг түүчээллээ
Өнөөдрийн нийгмийн тулгамдсан асуудал болох хүүхдийг цахим донтолтоос сэргийлэх үндсэн зорилготой “Дэлгэцийн донтолтоос сэргийлж, эрүүл мэндээ хамгаалцгаая” төслийг Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучдын хөгжлийн газраас “Эерэг өөрчлөлтийн түүчээ” ТББ-тай хамтран хэрэгжүүлэх ажлыг Сэлэнгэ нутгаас эхэллээ. Энэхүү төслийн нээлтэд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төр, захиргааны байгууллагууд, багш сурагчид, эцэг эхчүүдийн төлөөлөл нийт 200 гаруй хүн оролцлоо. Хэрэглээ нь байх ёстой хэмжээнээсээ хэтрээд байгаа дэлгэцийн хэрэглээний хор уршиг, түүнээс хүүхдээ хамгаалах арга замуудын талаар мэргэшсэн лекторууд, мэргэжлийн байгууллагуудын мэдээллийг оролцогчид сонсон цоо шинэ мэдлэгийг олж авчээ.
2020 оны байдлаар Сэлэнгэ аймагт 6 наснаас дээш хүн амын 87.5 хувь нь үүрэн
холбооны хэрэглэгч, 62.8 хувь нь интернэт хэрэглэгч байна. Сэлэнгэ аймгийн
108370 хүн амын 39392 нь 18 хүртэлх насны хүүхдүүд байгаа нь нийт хүн амын 36.3
хувийг эзэлж байгаа аж. Энэ судалгаанд
үндэслэн аймгийн зүгээс хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг
байгууллагуудын анхаарлыг интернэтийн хэт их хэрэглээ рүү хандуулан,
“хүүхэд-эцэг эхчүүдэд” хандсан нөлөөллийн ажлыг хийхээр зорьсон нь бас нэгэн төрийн
байгууллагын хувьд онцлох ажил байлаа. "Эерэг
өөрчлөлийн түүчээ" төрийн бус байгууллага дэлхийн нийтээр далд хэлбэрээр
газар авч буй дэлгэцийн донтолт бол хүүхдийн бие махбодь болоод сэтгэл зүйд
олон сөрөг нөлөө үзүүлдэг өвчин юм гэдгийг нийгэмд таниулж, үүнээс урьдчилан
сэргийлэх зорилготой энэхүү төслийг үндэсний хэмжээнд өрнүүлэн ажиллаж байна. Төслийн үргэлжлэх
хугацаа энэ оны 6 сар хүртэл явагдах юм.
Партизан цэргүүдийн дурсгалыг мөнхжүүллээ
Ардын хувьсгалын 100 жил, Сэлэнгэ аймаг
байгуулагдсаны 90 жилийн ойн хүрээнд Туурга тусгаар
улсынхаа тусгаар тогтнолыг бэхжүүлж, ардын хувьсгалын галыг асааж халуун амь, бүлээн цусаа газар шороондоо өргөж, баатарлагаар тэмцэж явсан эрэлхэг зоригт
партизан цэргүүдийн дурсгалыг Шаамарынхан мөнхжүүллээ.
Эл ажлаа хүүхэд, залуучуудын түүхийн мэдлэгт хувь нэмэр өгөх, эх оронч үзэл санааг төлөвшүүлэх, гэгээн
дурсгал, үйл хэргийг нь мөнхжүүлэх зорилгоор бүтээн байгуулжээ.
Өглөө бүрийн
мандах нарыг тосон угтах энэхүү дурсгалын хөшөөнд 100 партизан цэргийн нэрс
мөнхөрчээ. Хиагтыг чөлөөлөх тулалдаанд
400 гаруй партизан цэргүүд оролцож байсны 311 нь Сэлэнгэ аймгийн харьяат бөгөөд ихэнх нь Шаамар нутгийн
цэргүүд байсан тухай түүхэнд тэмдэглэсэн байдаг. Баатар зоригт дайчдынхаа түүхэн гавьяаг хойч үе бид
бүхэн үеийн үед дурсан санаж явах учиртай юм.
Аймгийн төвийн гэр хорооллын
баг анх удаа хүүхдийн цэцэрлэгтэй болов
Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын “Салхит” 3-р
багт хичээлийн шинэ жилийн эхний өдөр шинэхэн цэцэрлэг үүдээ нээж, бяцхан
иргэдээ хүлээн авсан. Тус багийн хувьд гэр хороолол ихтэй, Сүхбаатар сумын
хамгийн олон хүн амтай, томоохон баг гэдгээрээ онцлогтой. Өмнө нь тус багт
цэцэрлэг байгаагүй байсан учраас хүүхдүүд төв рүүгээ хол явж цэцэрлэгт
хамрагддаг байв. Харин энэ удаа ойрхон цэцэрлэгтэй болсон нь аймгийн төвийн
хувьд онцлог бүтээн байгуулалтын ажил боллоо. Улсын төсвийн 1.3 тэрбум
төгрөгийн хөрөнгө оруулалтаар сүндэрлэсэн эл цэцэрлэг 6 бүлэгтэй, 150 хүүхэд
хүлээж авах хүчин чадалтай. Харамсалтай нь цар тахлын нөхцөл байдлын улмаас
бүрэн хүчин чадлаараа үйл ажиллагаагаа явуулаагүй өнөөдрийг хүрлээ. Энэ жил
ахлах бэлтгэл бүлгийн 4-5 настай 40 гаруй хүүхдүүдээ хүлээн авчээ.


