Д.Мөнхбаатар: Багшийн ажлын онцлог, давуу тал, зовлонг харуулах, бусдад ойлгуулах хүсэл л байсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-12-31 22:18:04

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. ”Би багш-2021” телевизийн зорилтот төслийн ялагч Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4-р сургуулийн биологи газарзүйн багш Д.Мөнхбаатарыг энэ сарын 28-ны өдөр аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа хүлээн авч уулзсан юм. Түүнийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Сэлэнгэ аймгийн Хүндэт тэмдгээр шагнасан. Энэхүү хүндэт тэмдгийг Сэлэнгэ аймгийн хэмжээнд 74 иргэнд олгожээ. Шилдэг багш маань 75 дахь хүндэт тэмдгийн эзнээр шинэ оны босгон дээр тодорчээ. Ингээд улсын шилдэг багш Д.Мөнхбаатартай цөөн хором хөөрөлдсөнөө хүргэе.


-Юуны өмнө танд “Би багш” зорилтот нэвтрүүлгийн ялагч болж, Монгол Улсын шилдэг багшаар шалгарсанд баяр хүргэе.

-Баярлалаа.   

-Та хэдэн оноос багшийн гараагаа эхлэв. Монгол Улсын хэмжээнд хэчнээн багшийг ардаа үлдээж энэ их амжилтын эзэн болов?

-Миний хувьд 2011 оноос багшилж эхэлсэн. Монгол Улсын хэмжээнд 50 гаруй мянган багш нарын төлөөлөл болсон 400 шилдэг багш нараас ийнхүү шалгаран шилдгийн шилдэг багш боллоо. “Би багш” зорилтот нэвтрүүлэгт оролцох хүсэлтээ ирүүлсэн 400 багш нараас анхан шатны шалгаруулалтаар 20 багшийг шалгаруулж, эдгээр багш нар телевизийн цуврал нэвтрүүлгүүдэд оролцон, даалгавар гүйцэтгэн хасагдах журмаар өрсөлдөж, шилдэг дөрвөн багшийн нэгээр шалгарсан. Сүүлийн шатанд өрсөлдсөн 45 хоногт нийслэл хотод байрлан хөдөлмөр хичээл зүтгэл, ур чадвараа гайхуулан шилдгийн шилдэг багш, 100 сая төгрөгийн эзнээр шалгарсандаа туйлын баяртай байгаа. Хүн аливаа зүйлд хоёргүй сэтгэлээр шантрахгүй зүтгэж, хөдөлмөрлөвөл үр шимийг нь хүртдэгийг өөрийн биеэр мэдэрлээ. Би ганцаараа хэзээ ч энэ амжилтад хүрэхгүй байсан. Сургуулийн маань удирдлага, хамт олон, гэр бүл, ханийн минь дэмжлэг, хичээл зүтгэл энэ амжилтад их нөлөөллөө. Бас нутгийн минь уул, ус, сургуулийн хамт олон, шавь нар, гэр бүл минь намайг түшлээ.

Уралдааны явц ямар байв. Өрсөлдөөн хэр ширүүн байсан бэ?

-“Би багш” уралдаанд оролцож байх үед надад түрүүлж, ялагч болох бодол байгаагүй. Бусад багш нарт ч бас тийм байсан байх. Зөвхөн бид нарт багшийн ажлын онцлог, давуу тал, энэ мэргэжлийн жаргал, зовлонг эл нэвтрүүлгээр дамжуулж харуулах, бусдад ойлгуулах хүсэл л бүгдэд нь байсан.

-Уралдаанд нэг багш хэчнээн даалгавар гүйцэтгэв. Явцын талаараа сонирхуулаач?

-“Би багш” нэвтрүүлгийн үеэр нийт 12 даалгавар гүйцэтгүүлсэн. Энэ даалгавраас би дөрөвт нь түрүүлж, нэг удаа хоёрдугаар байрт шалгарсан.

-Энэ уралдаант нэвтрүүлгийн анхны ялагчаар бас л танай сумын багш түрүүлж байсан. Ер нь Мандалын багш нь их хөдөлмөрч, бас чадварлаг юм уу даа?

-Ц.Аюуш багшыг оролцсон анхны нэвтрүүлэг бол зөвхөн бага ангийн багш нарын дунд зохион байгуулж байсан. Одоо бол бүх төрлийн хичээлийн багш нарын дунд болсноороо онцлогтой. Энэ амжилтыг алдалгүй үргэлжлүүлсэндээ баяртай байна. Манай сургууль энэ жил амжилтаар дүүрэн байгаа. Багш нарын эрдэм шинжилгээний улсын хуралд би сургуулийнхаа зургаан багшийн хамт оролцоод түрүүлсэн. Оны төгсгөлд “Би багш”-д түрүүллээ. Энэ жил улсдаа хоёр ч удаа тэргүүллээ.

Манай сургууль байгуулагдаад таван жил болж байна. Манай сургуулийн захирал удирдлагууд багш нараа, хамт олноо их дэмжиж, хамтын хүчний давуу талыг ихэд чухалчилдаг даа.

-Танд баярлалаа. 

相关新闻