Д.Бауыржан ард иргэдэд Шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-12-31 19:28:43

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга д.Бауыржан Шинэ жилийн баярыг тохиолдуулан тус аймгийн иргэдэд мэндчилээ дэвшүүллээ.

Тэрээр мэндчилгээндээ, "Цаг хугацаа улиран одож, шинэ он айлчлан ирлээ.

Өнгөрч буй 2021 онд сорилт, бэрхшээл чамгүй байсан ч бидэнд ухаарал, сургамж хайрлаж, мөн дурсах түүхтэй, бахархах амжилт, ялалтыг үлдээж одлоо.

Цар тахлын амаргүй нөхцөл байдлыг хамтын хүчээр даван туулж байна. Манай аймаг "Ковид-19"-ийн халдваргүй "Ногоон бүс” -ээр хамгийн удаан хугацаанд нэрлэгдэж байв. Гэвч олон хүчин зүйлээс шалтгаалан халдвар эрчимтэй тархсан боловч хатуу дэглэмийг ард нийтээрээ сахин цар тахлын тархалтыг тогтоон барьж чадсан.

Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эмнэлгүүд болон ЗӨСТөвийн эмч,  ажилтнууд, Цагдаагийн газар, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Авто тээвэр, Тагнуулын алба, Аймгийн Онцгой Комисс болон бусад  бүх төрийн албан хаагчид маань өргөсөн тангарагтаа үнэнч байж, цаг наргүй хөдөлмөрлөсөн хичээл зүтгэлийг онцлон сайшааж байна. Та бүхэндээ Өлгий нутгийн ард түмэн баярлаж, талархаж байгаа гэдгийг онцолъё.

Ард иргэд, аж ахуйн нэгжийнхэн маань ажилтай, орлоготой байхын тулд хичээн зүтгэж, орон нутгийнхаа хөгжилд чамгүй хувь нэмэр орууллаа. Цар тахлын хүндхэн сорилтыг та бүхэн давж, дасан зохицож байна.

Төрийн албан хаагчид мэргэжлийн ур чадвар, сахилга, хариуцлагаа чандлан сахиж, төрийн албыг түмэнд хүргэх үйлсдээ амжилт гаргаж байна.

Манай аймаг хөгжлийн дунд хугацааны бодлогоо шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулж, хөгжин дэвжих гараагаа эхлүүллээ.

Монгол Улсад хүн амын тоогоороо дээгүүрт жагсаж буй Өлгийчүүд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж, эрүүл мэнд, боловсролын тогтолцоондоо шинэчлэл хийж, ахиц дэвшил гаргах боломжийг бүрдүүлэв.

Төрийн албыг цахимжуулан, бүх үйл ажиллагааг иргэдэд ил тод, нээлттэй байлгаж, авилгаас ангид байх зарчмыг ягштал биелүүлж ажилласнаар авилгын индекс 30 хувиар ахижээ.

Цаашид төрийн албаны ил тод байдлыг улам сайжруулж, авилга, хээл хахуулийг таслан зогсоох болно.

Аймгийн ИТХ-ын хуралдаанаар Засаг даргын өнгөрсөн оны ажлыг "Хангалттай сайн" хэмээн үнэлж, манай баг хамт олонд урам зориг өглөө.

Тиймээс бид энэхүү эрч хүчээ алдалгүй улам хариуцлагатай ажиллах үүрэг даалгавар хүлээн авлаа.

Баян-Өлгий аймгийн ажилгүйдэл, ядуурлыг бууруулахын тулд дорвитой алхам зайлшгүй хийх хэрэгтэй байна. Нэн тэргүүнд Асгатын мөнгөний ордыг ашиглалтад оруулах, үйлдвэрлэл эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, зээлийн төрлийг олшруулах зэрэг олон ажил биднийг хүлээж байна. Иргэн баян бол улс баян гэдэг. Иргэддээ чиглэсэн хөтөлбөр, төсөл олныг хэрэгжүүлж,  бүтээн байгуулалтыг хийх зорилт тавьж байна.

Энэ мэтчилэн миний бие болон манай хамт олон 100 мянган ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх итгэл, сэтгэл, зорилго, тэмүүлэлтэй байна.

Нийт ард түмэн болон төрийн албан хаагчид, төрийн бус байгууллагынхан, бизнес эрхлэгчид, ахмад буурлууд, хүүхэд залуучууд Та бүхэндээ шинэ жилийн баярын мэнд хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Энх амгалан,  эрүүл саруул амьдрал эргэн ирэх болтугай" хэмээжээ.

相关新闻