Түрээсийн орлогоос 302.7 сая төгрөгийг Эрдэнэт санд төвлөрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймгийн ИТХ-ын
Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Орон нутгийн өмчийн 2021 оны түрээсийн орлогын
төлөвлөгөөний биелэлт, 2022 оны түрээсийн төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.
Орон нутгийн өмчит үл
хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг хуульд заасан хүрээнд иргэн, аж ахуйн нэгж
байгууллагад батлагдсан жишиг үнийн дагуу түрээслүүлдэг. Энэ онд 14 аж ахуйн
нэгж, 44 өрхтэй шууд түрээсийн гэрээ, 2 байгууллагын 6 түрээслэгчтэй дам түрээсийн
гэрээ байгуулсан байна. Орон нутгийн өмчийг түрээсэлсний төлбөрт Эрдэнэт санд
нийт 302.7 сая төгрөг төвлөрүүлэхээс 302.3 сая төгрөг төвлөрүүлж 99.88 хувийн
гүйцэтгэлтэй ажилласан талаар Орон нутгийн өмчийн газраас танилцууллаа.
Мөн орон нутгийн өмчийг 2019 онд Аймгийн ИТХ-аас баталсан жишиг үнийн дагуу
түрээслүүлж байгаа аж. Энэ нь өнөөгийн зах зээлийн ханшаас зөрүүтэй байгаа
бөгөөд шинэчлэн батлах шаардлагатай, ингэснээр орлогоороо үл хөдлөх хөрөнгийн
суурь зардлыг нөхөх боломж бүрдэнэ гэж ИТХ-ын Тэргүүлэгчид онцоллоо.
Түүнчлэн төрийн
байгууллагын нэгдсэн байранд түрээсээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус болон
хувийн хэвшлийн байгууллагуудтай цаашид гэрээгээ сунгахгүй байх, төрийн
байгууллагуудыг нэг дор төвлөрүүлэхэд анхаарч, бодлого боловсруулан танилцуулах
үүргийг Орон нутгийн өмчийн газарт даалгалаа.