Сэлэнгийн Хөдөлмөрийн баатрууд бүл нэмлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-12-27 20:45:05

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлж, түмэн олондоо хүндлэгдсэн Сэлэнгэ нутгийн эрхмүүд болох Монгол Улсын Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, нэрт эрдэмтэн, вируслогич, төр, нийгмийн зүтгэлтэн, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, академич, профессор П.Нямдаваа, Зүүнбүрэн сумын тариаланч, “Арвин хур” ХХК-ийн захирал Ч.Чадраабал нар МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР хэмээх хүндтэй цолыг тус тус хүртжээ.

-Ш.Гунгаадорж: -Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд, Ардын Их Хурлын 3 удаагийн депутат, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр 2000-2004 онд Сэлэнгэ аймгаас сонгогдон ажиллаж байсан байна. Тэрээр Монгол Улсын атар газар эзэмших их үйлсийг оройлон манлайлж, тус салбарын 60 жилийн түүхийг бичилцсэн эрхэм хүн бөгөөд газар тариалангийн салбарын бүхий л шатанд ажиллаж, салбарын яамыг толгойлж явсан эрдэмтэн, манлайлагч юм.

Ш.Гунгаадорж 1981-1986 онд Ю.Цэдэнбал даргаас үүрэг авч Сэлэнгэ аймгийн МАХН-ын хорооны Нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажилласан байна. Энэ хугацаанд газар тариалангийн салбарт голчлон анхаарч хөрсийг шинжлэх ухааны үндэстэйгээр бордох газар тариалангийн системийг боловсруулсан байна. Мөн тус салбарын материаллаг техник хангамжийг нэмэгдүүлэх, орчин үеийн техникээр хангах, үрийн агуулах барьж байгуулах, мэргэжилтэй боловсон хүчнийг сурган бэлтгэх ажлыг удирдан хийснээр ургац тогтворжиж газар тариалангийн салбарт ихээхэн ахиц дэвшил гарсан байна.

-П.Нямдаваа:-Дэлхийд үнэлэгдсэн олон бүтээл туурвин нээлт хийж, вируслоги, халдвар судлалын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт эрдэмтэн, вируслогич, төр, нийгмийн зүтгэлтэн, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, академич, профессор, Эрүүл мэндийн яамны Дархлаажуулалтын зөвлөх хорооны дарга, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уугуул Пагважавын Нямдаваа.

П.Нямдаваа эрдэмтний олон бүтээл байдаг. Тодруулбал В вирүст хепатитийн эсрэг вакцинжуулалтыг Монгол Улсад анх нэвтрүүлсэн. Нян тээгчдийн цусны ийлдсээс анхны "Xerivac-B" нэртэй туршилтын монгол вакцин гаргасан, халдварт В хепатит өвчнийг хянах аргыг боловсруулсан болон тархи нугасны саатай байж болзошгүй хүүхдүүдээс сонгон полиомиелитын вирусийг ялгаснаар удамшил биологийн төрхийг нь судлан тогтоосон байдаг. Мөн полиомиелит өвчний эсрэг дархлаажуулалтын шинэ товлолыг нэвтрүүлснээр энэ өвчнийг Монгол Улсад устгасныг лабораторийн аргаар баталгаажуулах ажлыг хийжээ. Тиймдээ ч 2000 онд Монгол Улс ДЭМБ-аас хүүхдийн тархи нугасны халдварт саа өвчнийг бүрэн устгасан орон хэмээх батламжийг хүлээн авч байлаа.

Сүрьеэгийн удамшлын түүхийг антибиотикт мэдрэг чанарын үзүүлэлттэй жишиж судлах ажлыг мөн П.Нямдаваа докторын удирдлагаар эхлүүлсэн аж. Манай оронд Азийн орнуудаас орж ирж тархсан SARS зэрэг вирусний гаралтай өвчнийг оношлон тогтооход мэдлэг, чадвараа дайчлан ажиллаж амжилт үзүүлжээ. П.Нямдаваа төрийн зүтгэлтэн. Тэрээр 4 Засгийн газарт Эрүүл мэндийн сайд байснаараа онцлог. 1987 оноос эрүүл мэндийн орлогч сайд, сайд, Ерөнхийлөгчийн зөвлөх, 2000 оноос төрийн түшээ, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдын албыг хашиж байв. Энэ хугацаандаа юуны түрүүнд зах зээлийн нөхцөлд эрүүл мэндийн орчин бүрдүүлэхэд онцгой анхаарч "Эрүүл мэндийн тухай хууль, "Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль" зэрэг олон хууль санаачлан батлуулж, хэрэгжүүлсэн том гавьяатай, дэлхийд танигдсан нэрт эрдэмтэн юм.

-Ч.Чадраабал:-Түүний удирдсан “Арвин хур” ХХК нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутагт газар тариалангийн үржил шимт хөрс бүхий Боонгийн тохойд усалгаатай тариалангийн үйлдвэрлэл эрхлэх зорилгоор 1721 га тариалангийн талбай, дөрвөн ДТ-75 трактор, нэг эксковатортойгоор 2005 онд үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Тэрээр тариалангийн үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэх, эрчимжүүлэх, ургацын хэмжээг нэмэгдүүлэх, хөрсний элэгдлийг бууруулах, цөлжилтийг зогсоох, хөрсийг сэргээхэд онцгой анхаарч уриншгүй /тэг эдлэншүүлэлт/ технологийг 2012 оноос шат дараатайгаар нэвтрүүлж иржээ. Ингэснээр 4000га тариалангийн талбайг жил бүр 100 хувь эргэлтэнд оруулж улаан буудай, тосны ургамал, гурвалжин будаа, арвай тариалж га-гаас 20-30 цн, усалгаатай талбайгаас 30-40 цн ургац авах боломжийг бүрдүүлсэн аж. Сэлэнгэ мөрнөөс салбарлуулан 17 км урт усалгааны суваг, сумын төвөөс 13 км өндөр хүчдэлийн шугам татаж, 1500 га талбай услах хүчин чадал бүхий 10 цогц бороожуулагч төхөөрөмжийг ашиглалтад оруулж, усалгааны системийг бүрэн автоматжуулжээ. Үүний үр дүнд 10000в 400КВа хүчин чадалтай 2 ш трансформаторыг суурилуулан усалгааны системийн жигд ажиллагааг ханган ажилласан байна. 

Компанийн боловсон хүчний хувьд 40 гаруй үндсэн ажилчинтай. Нийт ажилчдын 80 хувь нь тогтвор суурьшилтай ажилладаг аж. Хавар, намрын цагт орон нутгаас туслах ажилчид авч 60-80 хүнийг ажлын байраар хангадаг. Мөн жил бүр хөдөө аж ахуйн мэргэжлээр бэлтгэгдэж байгаа их, дээд сургуулиуд, МСҮТ-ийн оюутнуудыг өөрийн бааз суурин дээр үйлдвэрлэлийн дадлага хийлгэдэг байна. Мөн эднийх нийгмийн хариуцлагын хүрээнд сум орон нутгийн хөгжилд бодит хөрөнгө оруулалтуудыг хийж, орон нутгийн сургууль, эмнэлэгтэй хамтран ажиллаж, суманд дутагдаж байгаа боловсон хүчнээр хангах зорилгоор амжилттай суралцаж байгаа сурагчдыг сонгон шалгаруулж их дээд сургуульд суралцах төлбөр, тэтгэлгийг олгож ажилладаг байна.

 

 

相关新闻