"Бага насны хүүхдийг дэлгэцийн донтолтоос сэргийлэх аян" нээлтээ хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас санхүүжүүлэн хэрэгжүүлж буй "Бага насны хүүхдийг дэлгэцийн донтолтоос сэргийлэх аян" нээлтээ хийлээ.
Энэхүү аяны хүрээнд аймгийн ЗДТГ-ын санхүүжилтээр бага насны хүүхдүүдэд зориулсан “Дэлгэцээс холдуулах дадлууд” номыг захиалгаар хэвлүүлсэн байна. Аянд тус аймгийн 31 цэцэрлэгийн 2900 хүүхэд хамрагдах бөгөөд “Дэлгэцээс холдуулах дадлууд” ном эдгээр хүүхдүүдэд тараагдах аж. Аяны нээлтийг аймгийн ЗДТГ-ийн Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсролын хэлтэс хамтран зохион байгуулж, Есөнбулаг сумын СӨБ-ын байгууллагын эрхлэгч, аргазүйч, багш нарыг хамруулсан байна.
Нээлтийн дараа цэцэрлэгийн насны хүүхдүүдэд дэлгэцээс ангид эерэг дадал суулгах, эцэг эхчүүдийг үр хүүхдэдээ эергээр нөлөөлөхийг уриалан мэдлэгжүүлэх зорилготой тус аянд хамрагдах цэцэрлэгийн багш нар “Хүүхдийг дэлгэцийн донтолтоос сэргийлэх арга замууд” сэдэвт багц сургалтад хамрагдлаа. Сургалтыг “Дэлгэцийн донтолт- бодит аюул” үндэсний хэмжээний төслийн санаачлагч, “Дэлгэцээс холдуулах дадлууд” номын зохиогч Н.Дуламсүрэн, аймгийн Боловсролын газартай хамтран зохион байгуулж Есөнбулаг сумын СӨБ-ын 145 багшийг хамруулсан байна.
Энэхүү аяны хүрээнд "Дэлгэцээс холдуулах дадлууд" хүүхдийн номоор дамжуулан цэцэрлэгийн насны хүүхдүүдэд цуврал сургалт хийж, эцэг эхчүүдэд зориулан дэлгэцийн донтолтоос үр хүүхдээ хамгаалан амьд харилцааг эрхэмлэхийг уриалсан цахим нөлөөллийн аян өрнөх юм байна.
Дэлхий нийтээр далд хэлбэрээр газар авч буй дэлгэцийн донтолт бол хүүхдийн бие махбодь болоод сэтгэл зүйд олон сөрөг нөлөө үзүүлдэг өвчин юм гэдгийг нийгэмд таниулахаар өрнөж буй тус аянд одоогоор аймаг, нийслэлийн 30,000 гаруй хүүхдийг хамруулаад байгаа аж.