Сүхбаатар сумын гурван иргэнд буцалтгүй тусламж олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-12-24 23:05:24

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж Сүхбаатар сумын гурван иргэнд өнөөдөр буцалтгүй тусламж гардуулан өглөө.

Тодруулбал Сүхбаатар сумын 4-р багийн иргэн Ж.Эгиймаа, 6-р багийн иргэн Г.Пүрэвцогт нарын гэр бүл гал түймрийн эрсдэлийн улмаас орон гэргүй болсон аж. Харин Сүхбаатар сумын 5 дугаар багийн харьяат тусгай хэрэгцээт /хөгжлийн бэрхшээлтэй/ сурагч, ширээн теннисний өсөх ирээдүйтэй тамирчин Н.Төгөлдөрийн тэмцээнд оролцох зардалд нь нэмэр болж мөнгөн хэлбэрээр сэтгэлийн дэм үзүүлжээ.

Энэ сарын эхээр буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах Олон улсын өдрөөр аймгийн дарга эдгээр иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзан багагүй асуудлыг ярилцсан юм. Үүний үндсэн дээр тусгай хэрэгцээт хүүхдүүдийн төлөөллийг сэргээн засах эмчилгээ үзлэгт хамруулах ажлыг аймгийн Нэгдсэн эмнэлэгт зохион байгуулж, эмч мэргэжилтнүүдийн зүгээс эцэг эхчүүдэд нь хүүхдүүдтэйгээ харилцах арга барилд сургах сургалтыг явуулсан юм. Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах энэ цаг хугацаанд ар гэртээ байнгын асаргаанд байдаг 16 хүртэлх насны 323 хүүхдэд гарын бэлэг илгээж урам хайрлажээ.  


相关新闻