100 сая төгрөгийн эзнээр дахин Мандал сумын багш шалгарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. "Би багш-2021" нэвтрүүлгийн ялагчаар Сэлэнгэ аймгийн
Мандал сумын 4-р сургуулийн багш Д.Мөнхбаатар шалгарч 100.000.000 төгрөгийн эзэн
болжээ.
Мандал сумын
ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн газар зүй, биологийн багш Д.Мөнхбаатар Сэлэнгэ аймгийн 1000 гаруй багшийг төлөөлөн амжилттай оролцож, ийнхүү шилдгийн шилдэг
багшаар шалгарчээ.
Багшийн ажлын
онцлогийг олон нийтэд таниулан ойлгуулах замаар багш мэргэжлийн нийгэм дэх
үнэлэмж, нэр хүндийг дээшлүүлэх зорилго бүхий эл зорилтот нэвтрүүлгийг Боловсрол, шинжлэх
ухааны яам, ”Боловсрол” телевиз хамтран зохион байгуулсан байна.
Өмнө нь 2019 онд Мандал сумын ерөнхий боловсролын 3
дугаар сургуулийн бага ангийн багш Ц.Аюуш “Би багш” уралдааны анхны ялагчаар тодорч, 100 сая төгрөгийн эзэн болж байсан юм. Д.Мөнхбаатар багшийн хувьд Ц.Аюуш багшийн суурийг нь тавьж
өгсөн амжилтын буухиаг үргэлжлүүлж яваа бүтээлч, оюунлаг, чадварлаг багш
гэдгээ харуулжээ.