"Хөгжилд тэмүүлсэн Баян-Өлгий" цахим хэлэлцүүлэг өрнүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн
Засаг дарга Д.Бауыржаны санаачилгаар "Хөгжилд тэмүүлсэн Баян-Өлгий"
цахим хэлэлцүүлгийг энэ сарын 15-ны өдрөөс өрнүүлж байна.
"Баян-Өлгий аймаг 2010 онд 10 жилийн хөгжлийн
төлөвлөгөөгөө боловсруулж баталж байсан. Тухайн хөтөлбөрийн хэрэгжилт ямар
байсан талаар дүгнэлт гараагүй байгаа. Бидний боловсруулах гэж байгаа "Хөгжилд
тэмүүлсэн Баян-Өлгий" хөтөлбөр бол дунд хугацааны стратеги төлөвлөгөө юм.
Иймээс ирэх 2030 он хүртэлх хөгжлийн гарц, чиглэлийг шинжлэх ухааны
үндэслэлтэйгээр тодорхойлохоор ажиллаж байна. Энэ ажлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч
агентлаг Удирдлагын академитай хамтран
Дэлхийн банкны санхүүгийн дэмжлэгээр хэрэгжүүлэх юм. Аймгийн ЗДТГ-аас ч
тодорхой хэмжээний санхүүжилт хуваарилсан. Иргэдийн саналыг авч байна.
Иргэд саналаа цахимаар, бичгээр, биечлэн ирж хэлж болно. Хөтөлбөрийг 2022 оны
эхэнд аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэн батлана» гэж
аймгийн Засаг дарга Д.Бауыржан хэллээ.