Монгол Улс Олон улсын дээд хэмжээний хурал, чуулганыг зохион байгуулах чадвартайгаа харууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭАзи-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах үүргийг Монгол Улс маш амжилттай, нэр хүндтэй, үр дүнтэйгээр гүйцэтгэлээ. Дэлхий дахинд чансаагаа нотлон харуулсан энэ хурлыг зохион байгуулах ажил хэрхэн өрнөсөн болон хурлын явц, бусад мэдээллийн талаар тоймлон хүргэж байна.
* 2014 оны 10 дугаар сард Монгол Улс АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг эх орондоо хийх эрх авсан.
* 2014 оны 12 дугаар сард ҮАБЗ-ийн шийдвэрээр АСЕМ-ын бэлтгэл Ажлын хангах үндэсний хороог тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээр ахлуулан байгуулсан.
* АСЕМ-ын бэлтгэл ажлыг хангах ажлыг Гадаад хэргийн сайдын хариуцсан ажил үүрэгт оруулснаар тус яаманд АСЕМ-ын Бэлтгэл ажлыг хангах Ажлын хэсэг байгуулсан. Үүнээс хойш нийт 18 сар АСЕМ-ын бэлтгэл ажлыг хийв.
* Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтын хүрээнд 2016 оны дөрөвдүгээр сараас хойш АСЕМ-ын Парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт, Ахлах албан тушаалтнуудын уулзалт, Сангийн сайд нарын 12 дугаар уулзалт, Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт, Түмний чуулган, Загвар чуулган, Редакторуудын дугуй ширээний 8 дугаар уулзалт, Ахлах албан тушаалтнуудын уулзалт, Бизнесийн 15 дугаар чуулга уулзалт гэсэн 9 дагалдах уулзалтыг Улаанбаатарт зохион байгууллаа.
* “АСЕМ-ийн өдөр”-ийг жил бүрийн 3 дугаар сарын 1-нд тэмдэглэн өнгөрүүлэх санаачлагыг Монгол Улс гаргаж, тогтлоо.
* Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт 7 дугаар сарын 15-нд Улаанбаатар хотноо эхэлж, “АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоогоор өртөөлөн ирээдүйн төлөө түншлэлээ бэхжүүлэх нь” гэсэн үндсэн сэдэвтэйгээр Нэгдүгээр нэгдсэн хуралдаан "Түншлэлийн 20 жил: Өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ тодорхойлох нь", Хоёрдугаар салбар хуралдаан "АСЕМ-ын түншлэлийг хөгжүүлэх өргөн уялдаа холбоо" сэдвээр үргэлжиллээ.
* Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтад 11 орны Ерөнхийлөгч, 23 орны Ерөнхий сайд, 13 орны Гадаад хэргийн сайд, Салбарын 3 сайд, Тусгай үүрэг гүйцэтгэгчээр 3 сайд, Европын холбооны Ерөнхийлөгчид, АСЕАН-ын ЕНБД оролцлоо.
* Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтаас “Улаанбаатарын тунхаглал”, “Даргын мэдэгдэл” батлан гаргасан.
* Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтын хүрээнд хоёр талын 100 гаруй уулзалт хийсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч, Гадаад хэргийн сайд нар 60 гаруй хоёр талт уулзалт хийв.
* Дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсад албан ёсны 5 айлчлал өрнөлөө. Үүнд БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ, ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук, Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн тус тус айлчилсан юм.
* Дээд хэмжээний 11 дүгээр уулзалтад оролцож байгаа Ази, Европын төр, засгийн тэргүүн нар, Европын зөвлөлийн Ерөнхийлөгч, Европын комиссын Ерөнхийлөгч, АСЕАН-ы ЕНБД нар Ази, Европ тив төдийгүй дэлхийн бусад өнцөгт террорист халдлага удаа дараа гарч байгаатай холбогдуулан терроризмын бүх хэлбэрийг буруушаан түүнтэй тууштай тэмцэхээ дуу хоолой нэгтэйгээр илэрхийлж, 7 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдэл гаргав.
* Монгол Улсын Засгийн газар, АСЕАН, Зүүн өмнөд Азийн Эдийн Засгийн судалгааны хүрээлэнтэй хамтран гаргасан “Ази-Европын уялдаа холбооны алсын хараа 2025: боломж ба сорилтууд” судалгааны товхимол гаргалаа.
* Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт, АСЕМ-ын 20 жилийн ойд зориулж “Нүүдэлчдийн баяр наадам”-ыг зохион байгуулсан нь нийт зочид төлөөлөгчдийн сэтгэлд маш ихээр хүрч, сэтгэлийг нь татаж чадсан. Монгол ахуй, өв соёл, урлагийг нэгэн дор цогцлоон харуулснаараа эрхгүй онцлог болсон юм.
* Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтын хүрээнд болсон нийт уулзалтуудад гадаадын 5580 хүн ирж оролцлоо. Зөвхөн Дээд хэмжээний хурлын өдрүүдэд буюу долдугаар сарын 15-16-нд гадаадаас 2300 орчим зочин Улаанбаатарт байрлалаа.
* Ази-Европын дээд түвшний уулзалтыг эх орондоо зохион байгуулж чадснаар нэн тэргүүнд улс төрийн өндөр ач холбогдолтой. Улсынхаа тусгаар тогтнолоо улс төрийн аргаар баталгаажуулах хамгийн шилдэг арга нь олон улсын томоохон уулзалт, чуулганыг эх орондоо зохион байгуулах, олон улсын байгууллага бий болгох юм.
* Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчилж, гадаад сурталчилгаагаа богино хугацаанд маш өргөн цар хүрээнд хийлээ. Ази-Европын дээд түвшний уулзалтыг гадаадын 670, дотоодын 120 гаруй сэтгүүлч сурвалжлав. Энэ өдрүүдэд Монголын талаар, Ази-Европын дээд түвшний уулзалтын талаарх мэдээлэл дэлхий дахинд 1.5 тэрбум хүнд хүрчээ.
* Ази-Европын дээд түвшний уулзалтад ирж оролцсон төлөөлөгчид болон зохион байгуулалтаас Монгол Улсад 8-10 сая ам.доллар үлдэнэ гэж тооцож байна.
* Дээд түвшний уулзалтыг зохион байгуулах хүрээнд улсын төсвөөс 2016 онд 21 тэрбум төгрөг баталсан. Энэ хөрөнгийг уулзалт зохион байгуулах танхим, зарим зочид төлөөлөгчийн унаа, байрны мөнгө, хоол унд, цагдаагийн газарт 51 авто машин авч өгөх гэх мэт зүйлд зарцуулжээ.
* Хурлыг зохион байгуулахад БНХАУ-аас эд материалын тусламж, Солонгос улс цагдаагийн байгууллагад тоног төхөөрөмж, техник хэрэгслийн тусламж өгч, Европын холбооноос орчуулагч, багш нарыг сургах, зөвлөгөө өгөхөд, ХБНГУ аюулгүй байдлыг хангахад тусалсан байна. Мөн Сингапур, Итали, Малайз гээд олон орноос тусламжийн гараа сунгасан юм.
* Ази-Европын дээд түвшний уулзалтын зохион байгуулалтад Монголын талаас нийт 20 мянган хүн оролцож, үүнээс 8500-9000 нь идэвхтэй ажилласан байна. Нийт 1100 гаруй сайн дурын ажилтнууд сургалтад хамарч, цалин хөлсгүйгээр идэвх гарган ажилласан нь урд өмнө байгаагүй өндөр тоо юм.
* Зохион байгуулалтын ажилд хувийн хэвшлийнхэн, төрийн бус байгууллагууд идэвхтэй оролцож, бэлэн болон бэлэн бусаар хандив өргөсөн юм. Тухайлбал АСЕМ-д үйлчилсэн 400 гаруй автомашины шатахуун болон телефон, интернет холбоо, ус, ундаа гээд олон төрлөөр хандив өргөжээ.
* АСЕМ-ын зохион байгуулалтын хүрээнд 4400 хүнийг мэргэшүүлсэн сургалтад хамруулжээ. Үүнд, үйлчилгээний чиглэлээр 620 хүн, зочид буудлын менежментээр БНСУ-д 15 хүн, хурлын менежерээр 50 хүнийг гадаадад сургасан. Мөн олон улсын хурлын орчуулагчаар Энэтхэгт 14, Европын холбоонд 6 хүн сургажээ. Үүнээс гадна аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаа, тагнуулын 500 орчим хүнийг сургалтад хамруулжээ.
Ази-Европын дээд түвшний уулзалтыг Монгол Улс эх орондоо ийнхүү амжилттай, үр дүнтэй, өндөр хэмжээнд зохион байгуулж чадлаа. Үүгээр дэлхий дахинд Монгол Улс чансаагаа нотолж, олон улсын өндөр дээд хэмжээний хурал, чуулганы зохион байгуулах чадвартай гэдгээ илэрхийлэн харууллаа. Энэхүү туршлагаа цаашид хадгалж дараагийн 3 жилд Монгол Улсад зохион байгуулах арга хэмжээ, хурал, урлаг, спортын наадмууд төлөвлөгдөж эхлээд байна. АСЕМ-ын шилийг дарж ирэх 8 дугаар сард гадаадын 400 гаруй монголч эрдэмтдийг оролцуулсан “Монголч эрдэмтдийн олон улсын хурал”-ыг Улаанбаатарт зохион байгуулна. Дараа нь Стокхольмд төвтэй Ардчилал-Сонгуулийн туслалцааны байгууллагын “Ардчиллын форум”, 9 дүгээр сард ЮНЕСКО болон Парист төвтэй Мал эмнэлгийн байгууллагуудтай хамтран “Нүүдлийн соёл иргэншлийн олон улсын форум”-ыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Н.Гантуяа