Мандал сумын Засаг даргаар Б.Ганболдыг баталж өгөх хүсэлт хүргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-12-21 00:09:45

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Мандал сумын ИТХ-ын 8 дугаар хуралдаан энэ сарын 17-ны өдөр болж, Мандал сумын Засаг даргаар Б.Ганболдыг сонгосон байна.

Тус сумын Засаг даргаар ажиллаж байсан Н.Лхагвадорж аймгийн Засаг дарга болсон учраас ийн шинэ Засаг даргаа сонгох болсон юм. Тус хуралдаанаар сумын Засаг даргад Ардын намын бүлгээс Мандал сумын ИТХ-ын дарга Б.Ганболдыг, Ардчилсан намын бүлгээс аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Батзулыг нэр дэвшүүлэн санал хураасан байна. Эхний санал хураалтын тооллогоор нийт 30 төлөөлөгчийн 30 саналын хуудсаас 4 хүчингүй хуудас гарчээ. Үүний улмаас хоёр намын бүлгийн нэр дэвшигчдийн санал 13:13 болон тэнцэж дахин санал хураалт явуулсан аж. Хоёр дахь удаагийн санал хураалтаар 30 төлөөлөгчийн 30 саналын хуудсаас хүчингүй хуудас гараагүй байна. Ингээд нэр дэвшигч Б.Ганболд 17 санал буюу 56.6 хувь, нэр дэвшигч Т.Батзул 13 санал буюу 43.3 хувийн санал авчээ.

Мандал сумын Засаг даргаар сонгогдсон Б.Ганболдыг Мандал сумын Засаг даргаар томилж өгөхийг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржид уламжилсан байна. 

相关新闻