Боловсролын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнгөрөгч амралтын өдрөөр Боловсролын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг БШУЯ, аймгийн БСУГ хамтран зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт аймгийн боловсролын салбарын 260 гаруй албан
хаагч хамрагдаж, хуулийн шинэ
төсөлтэй холбогдуулан саналаа хэлсэн
юм. Боловсролын ерөнхий хууль, түүнийг дагалдан гарах хуулиудад шинэчлэл
хийх нь зөв гэсэн байр суурийг бүгд илэрхийлж байв.
Мөн багш ажилтныг дэмжих,
нийгмийн асуудлыг шийдвэрлэх замаар орон нутагт залуу, чадварлаг багш нарыг
тогтвор суурьшилтай ажиллуулах, дотуур байрны багшийн ажлын үнэлэмжийг дээшлүүлэх, ахмад багш нарын
туршлага мэдлэгийг залуу үед өвлүүлэх, багш бэлтгэж буй сургуулиудын чанарыг
сайжруулах, хүүхдийн хүмүүжилд эцэг эхийг үүрэг оролцоог нэмэгдүүлэх, сургууль,
цэцэрлэгт сэтгэл зүйч ажиллуулах, сурах бичгийн агуулгыг шинэчлэх гэхчлэн олон
асуудлаар санал хэлж, хуульд тусгахыг хүслээ.
Хууль хэрэгжсэнээр Монгол Улсын Их Хурлын
2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт
хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн “Хүн бүрд чанартай боловсрол эзэмших
тэгж боломж бүрдүүлж, боловсролыг хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдралын
баталгаа, улс орны хөгжлийн суурь болгон насан туршдаа суралцахуйн тогтолцоог
бэхжүүлэх” зорилгоо хэрэгжүүлэх боломж бүрдэх аж.