Ч.Гүнсэнхорол: Дулааны станцын ажил орон нутгаас шалтгаалж гацсан юм байхгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-12-20 12:00:46

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр хотын утаа, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ч.Гүнсэнхоролоос тодрууллаа.

 

Арвайхээрийн агаарын бохирдлыг бууруулахаар хэд хэдэн ажлыг эхлүүлсэн байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

- Арвайхээрийн агаарын бохирдол гэнэт үүсээгүй, сүүлийн арваад жилийн турш яригдаж байгаа асуудал. Энэ хугацаанд утааг бууруулах чиглэлээр хөрөнгө мөнгө төлөвлөж, зохион байгуулалтын арга хэмжээ авсан ч тодорхой үр дүн гарахгүй байсаар байна.

Агаар бохирдуулагч эх үүсвэр, шалтгаан, нөхцөлийг тогтоож, түүнд тохирсон арга хэмжээ авахын тулд мэргэжлийн байгууллагууд шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо, судалгаа хийсэн байдаг. Үүнээс харахад 60 хувь нь гэр хорооллын утаанаас, 30 гаруй хувь нь төвийн хэсгийн уурын зуухнуудаас, үлдсэн хувь нь автомашин, бусад эх үүсвэрээс үүсч байгааг тогтоосон. Тиймээс аль аль талын асуудлыг зэрэг анхаарч, арга хэмжээ авахгүй бол үр дүн гарахгүй гэж үзэж байгаа.

Гэр хорооллын утааг бууруулахын тулд “Баянтээг түлш” ОНӨХХК, Арвайхээр сумын ЗДТГ хамтран нэг багийг сонгож аваад шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн. Хоёрдугаар багийн 508 өрх шахмал түлш хэрэглэж байна. Тухайн айлуудад угаар мэдрэгч төхөөрөмжийг суурилуулж, аюулгүй, хэвийн ажиллагааг хангах зааварчилгаа өгч, Хяналтын нэгдсэн системийг нэвтрүүлэн хянаж байна. Уг төхөөрөмжийн мэдрэгч нь угаарын хий нэмэгдэх, аюултай түвшинд хүрэхэд дуут дохио гаргаж, тухайн айлын хаяг байршил, холбогдох мэдээллийг Онцгой байдлын газарт байрлаж буй хяналтын төвд илгээн аюулгүй ажиллагааг хангах юм.

 


Мөн дулааны станц барьж ашиглалтад ортол обьектын уурын зуухнуудын утааг багасгахад анхаарах ёстой. Арвайхээрт найман ААН-ийн 13 том оврын халаалтын зуух ажиллаж байна. Байгаль орчны сайдын багцаас хөрөнгийг гаргаж, эхний ээлжинд дөрвөн халаалтын зуухны найман янданд уутат шүүлтүүрийг туршилтаар тавьж эхэлсэн. Энэ шүүлтүүр нь утаа тортгийг 90 гаруй хувиар бууруулах хүчин чадалтай, дэвшилтэт технологи юм. Дээрээс нь сүүлийн үеийн шинжлэх ухааны ололттой талыг ашиглан утааг ионжуулан шүүх төхөөрөмжийг суурилуулахаар судалж байна. Уг төхөөрөмж нь яндангаас агаарт цацагдах тоосонцрыг стандартаас 20 гаруй хувиар багасгаж, утааг 99.3 хувиар шүүх хүчин чадалтай, оюуны өмчийн патенттай юм билээ. Оруулж ирж байгаа компанитай нь холбогдон мэдээлэл авч, аймагтаа нэвтрүүлэхээр ярилцсан. Эдгээр ажлын үр дүнд Арвайхээр хотын агаарын бохирдол тодорхой хэмжээнд багасна гэж тооцож байна.

- Шахмал түлшний чанар хэр байгаа вэ? Шахмал түлшээрээ нэг багийг биш нийт айл өрхөө хангаж хүрэлцэхгүй байсан юм болов уу?

- Баянтээгийн уурхайг түшиглэн байгуулсан Шахмал түлшний үйлдвэрийг бариад хоёр жил болж байгаа ч техник эдийн засгийн үндэслэлийг нарийн гаргах ёстой гэдэг шаардлагын дагуу дахин боловсруулж, Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр 9 сард батлуулсан. Цаашид үйлдвэрийг үе шаттайгаар өргөжүүлнэ.

Аймгийн ИТХ-ын тогтоолоор “Баянтээг түлш” ОНӨХХК-ийг байгуулж, нийт 28 ажилтантайгаар шахмал түлш үйлдвэрлэж эхэлсэн. Арвайхээр сумын нэг өрхийн шахмал түлшний жилийн хэрэглээ 2.4 тонн, нийт 7600 өрхийн жилийн хэрэглээнд 18240 тн  түлш шаардлагатай болно. Энэ жилийн хувьд 800-1000 тн шахмал түлш үйлдвэрлэж, Арвайхээр сумын 2, 7 дугаар багийн 500 өрхийн жилийн хэрэглээг хангах юм. Тус аж ахуйн нэгжээс Арвайхээрт агуулах болон борлуулалтын цэгийг байгуулж, ямар нэг нэмэлт өртөггүй, үйлдвэрийн үнээр сонгосон багийн айл өрхүүдэд нийлүүлж байна.

- Дулааны станц барих ажил аль шатанд яваа вэ?

- Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын гэрээгээр БНСУ-ын “Экспорт-Импорт” банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд арван аймагт дулааны станц барих төсөл 2024 он хүртэл үргэлжилнэ. Тендер шалгаруулалтын ажлыг Эрчим хүчний яаманд 2019 оноос эхлүүлж, хоёр удаа зарласан ч төсөвт өртөгтөө багтаагүй, оролцогч компаниуд ковидын цар тахал, хөл хориотой холбоотойгоор техникийн нөхцөлөө судалж чадаагүй гэх шалтгаанаар хүчингүй болсон. Гурав дахь удаагаа 2021 оны 6 дугаар сард тендер зарлаад 9 дүгээр сарын дундуур нээсэн. Олон улсын тендер учраас удаан хугацаанд зарлагддаг.  

Ингээд арван аймгийн хэмжээнд төслийг багцалж, техникийн үзүүлэлтийг бууруулах зэрэг арга хэмжээ авсны дагуу Өвөрхангай аймагт хоёр компани оролцож, Эрчим хүчний яам, төсөл хэрэгжүүлэх нэгжээс ажлын хэсгүүд үнэлгээ, дүгнэлтийг хийгээд БНСУ-ын хөрөнгө оруулагч тал болох компанид саналаа хүргүүлээд байна. Энэ ажил одоогоор гэрээний хэлэлцээрийн шатанд явна. Дулааны станц барьснаар агаар бохирдуулагч хүчин зүйлийн 40 хувь буурна гэж үзэж байгаа юм.

- Дулааны станц барихтай холбоотойгоор бэлтгэл ажлыг хэр хангаж байна?

- Нэгдүгээр хэлхээний шугам, дулаан дамжуулах төвүүдийг Дулааны станцад холбох, хоёрдугаар хэлхээний шугам сүлжээг шинэчилж, сайжруулах ажил хийнэ. Дулаан дамжуулах төвүүдийг одоо байгаа халаалтын зуухнуудаа түшиглээд барина. Ямар нэг газар чөлөөлөх ч юмуу, газрын маргаантай асуудал Өвөрхангай аймагт байхгүй. Нэгдүгээр, хоёрдугаар хэлхээний шугам сүлжээг ч гэсэн хамгийн боломжтой хувилбараар ярилцаад зураг төслүүдээ хийчихсэн.

Үндсэндээ дулааны станцын ажил орон нутгаас шалтгаалж гацсан юм биш. Хөрөнгө оруулалт шийгдэгдээд, гүйцэтгэгч компани шалгарчихвал ажил эхлэх бүрэн боломжтой.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

 

相关新闻