Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын төлөөллийг Сэлэнгэ аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж урамшууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Өнөөдөр Сэлэнгэ аймгийн хэмжээнд худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний
чиглэлээр 820 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж, түүнд 4120 иргэн
ажиллаж байгаа аж. Тэдгээрээс ажил үйлсээрээ манлайлж, эрхэлсэн салбартаа үйл
ажиллагаагаа тогтмол чанартай явуулж ирсэн "Буянхишиг" талхан цехийн
эзэн Дэлэгийн Баатар, "Цахим ертөнц" ХХК-ийн захирал Нямсүрэнгийн
Баасансугар, гуталчин Данаагийн Шүрбат, "Наран хэт" ХХК-ийн захирал
Дамдинсүрэнгийн Наранзул, "Шинэ бадрах" ХХК-ийн гүйцэтгэх захирал
Ёндонжамцын Батзул нарыг Сэлэнгэ аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж урамшуулжээ.
-Д.Баатар: "Буянхишиг" талхан цехийг
2000 онд байгуулж, “Сэлэнгэ Хмелийн талх”-ыг Сэлэнгийн брэнд болгожээ. Тус цех 12 ажилтантай, 24 цагийн турш тасралтгүй
ажилладаг. Өдөртөө 500-600 ширхэг талх, 5-6 төрлийн гурилан бүтээгдэхүүн
үйлдвэрлэж, Сүхбаатар сумын иргэдийн хүнсний хэрэгцээг хангахад зохих хувь
нэмрээ оруулж байна. Талхан цех нь 2004 онд Монголын шилдэг 99 бүтээгдэхүүн, 2005 онд
Хүнс хөдөө аж ахуйн шилдэг үйлдвэрлэгч, “Нэг суурин нэг бүтээгдэхүүн” номинацын эзэн. Мөн 2004-2011 онд жил дараалан аймгийн
“Шилдэг үйлдвэрлэгч”-ээр, 2006 онд “Монголд үйлдвэрлэл хөгжүүлье” номинацын
эзэн Сүхбаатар сумын “Шилдэг хамт олон”-оор тус тус шалгарсан байна. Түүнчлэн 2011 онд үйлдвэрийн байрыг өргөжүүлж, хөдөлмөрийн нөхцөлийг
сайжруулан бүтээгдэхүүний чанар болон ажилтнуудын нийгмийн асуудлыг
шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллаж иржээ.
-Н.Баасансугар: Худалдаа, үйлчилгээний салбарт 10 гаруй жил ажиллаж байгаагаас
сүүлийн 5 жилд хувийн компаниа гардан удирдаж байна. Сүүлийн жилүүдэд “Цахим-ертөнц” ХХК, “Цахим-ертөнц” чөлөөт бүс
ХХК-иудыг удирдан аймгийн шилдэг татвар төлөгчөөр 2 удаа шалгарчээ. Мөн сүүлийн 3 жилийн
хугацаагаар авч үзэхэд улс орон, нутгийн төсөвт 200 гаруй сая төгрөг төлсөн байна. Орон нутагтаа
ажлын байрыг тогтмол нэмэгдүүлж ирсэн бөгөөд одоогоор 30 шахам хүнийг ажлын
байраар ханган ажиллаж байгаа ажээ.
-Д.Наранзул: "Наран хэт" ХХК-ийн захирлаар 2003 оноос ажиллаж байна. Улсад 40 жил ажиллаж байгаа бөгөөд хүнсний бөөний болон жижиглэнгийн худалдааны чиглэлээр үйл
ажиллагаа эрхлэн явуулдаг байна. Тэрээр 9 хүнийг байнгын, 5-6 хүнийг түр
ажлын байраар ханган ажиллаж байна.
-Д.Шүрбат: Сүхбаатар сумын ахмад настан тэрээр улсад 40 гаруй жил ажиллахдаа ахуй үйлчилгээний салбарт гуталчнаар
ажилласан байна. Тэрээр одоо ч гутлаа засч, оёх үйлчилгээгээ иргэддээ үзүүлсээр
байна.
-Ё.Батзул: “Шинэ бадрах” ХХК-ийн гүйцэтгэх захирал. Тус компаниа 1994 онд, 2012 онд Сүхбаатар
суманд “ИХО” рестораныг тус тус байгуулан ажиллаж байна. Эдгээр байгууллагадаа давхардсан тоогоор 150 хүнийг ажлын байраар ханган ажиллаж
байна.
Ардын хувьсгал
ялсны дараа 1921 онд Монгол Ардын харилцан туслах хоршооны хэлтсийг Сангийн
хамаг хэргийн яамны дэргэд байгуулснаар Монгол Улсад орчин цагийн худалдааны
салбар үүссэн гэж үздэг. Үүний дараа 1935-1959 онд хоршооллын худалдааны
хөгжлийн үе, 1960-1990 онд социалист худалдааны үе, 1990-1997 онд зах зээлийн
шилжилтийн үеийн худалдааны үе, 1998 оноос хойш олон талт чөлөөт худалдааны
үеийг туулсаар өнөөдрийг хүрчээ. Түүхийн энэ олон даваа нугачааг туулан зах
зээлийн эдийн засгийн шуурганд бүдрэлгүй зүтгэсээр худалдаа, үйлдвэрлэл,
үйлчилгээний салбарынхан эдүгээ 100 жилийн ойтойгоо золгожээ.