Жилд нэг сая малын арьс шир боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-12-16 15:48:37

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнд жилд нэг сая малын арьс шир боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг байгуулж, нээлтээ хийлээ. “Ноос ирээдүй” ХХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбараас дэргэдээ “Арьс ирээдүй” ХХК-ийг байгуулж, Монголын арьс, шир үйлдвэрлэлийн холбоо болон орон нутгийн дэмжлэгийг авснаар эхний ээлжинд 2.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийн Арьс шир боловсруулах үйлдвэрийг байгуулж байна. 

Тус үйлдвэр ашиглалтад орсноор үр шимийг нь нэн тэргүүнд малчид хүртэнэ гэдгийг үйлдвэрийн захирал Б.Чимэдцэрэн хэлэв. Тэрээр “Үнэ хүрэхгүйгээс болж хог дээр хаягдаж байгаа малын арьс ширийг малчид маань дундын зуучлагч буюу ченжүүдийн гараар дамжуулалгүй, өөрсдөө авчирч үйлдвэртээ тушаах боломжтой. Ингэснээр өрхийнхөө орлогыг нэмэгдүүлж, малын ашиг шимийг бүрэн хүртэх боломжтой болж байна. Одоогийн байдлаар бид ямааны арьсыг 42-45 мянгаар авч байгаа” гэв.

Арьс ширний үйлдвэр нь богийн арьсыг боловсруулж, хөх арьс буюу Олон улсын хэллэгээр “ветблю” болгох, дараагийн шатанд гүн боловсруулалт хийн торгон арьс гаргаж, дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа эхлүүллээ. Тус үйлдвэртэй гэрээ байгуулж, хамтын ажиллагаа тогтоохоор Турк, Узбекстан, Хятад улсаас бизнесийн төлөөлөл ирсэн байв. Эцсийн бүтээгдэхүүнээ Европ руу гаргахын тулд арьсаа химийн бодисоор биш ургамлын гаралтай бодисуудаар идээлж, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ хэмээн Б.Чимэдцэрэн захирал хэлсэн юм.

Малын гаралтай түүхий эдийг боловсруулахад цэвэрлэх байгууламж чухал үүрэгтэй. Олон улсын стандартын шаардлага хангасан, хоногт 700 м3 бохир цэвэрлэх хүчин чадалтай байгууламжийг аймгаас шийдэж өгчээ. Цэвэрлэх байгууламжид механик, химийн, биологийн гэсэн гурван төрлөөр цэвэрлэгээ хийх бөгөөд дахин ашиглах боломжтой учраас тэрхүү усыг ашиглах байгууламжийг барих төлөвлөгөөтэй байгаа аж.

 

Үйлдвэрийг ашиглалтад оруулж, хэвийн үйл ажиллагааг хангахын тулд Улаанбаатар хотоос мэргэжлийн 20 гаруй хүнийг урьж ирүүлсэн ба аймгаасаа 100 гаруй хүнийг ажилтай болгож,  ажлын байранд нь дадлагажуулж байна.

Хөл хориотой, хил хаалттай хүнд цаг үед зоригтой, шийдэмгий алхам хийж, аймаг орон нутгийнхаа хөгжил, ард иргэдийн амьдрал ахуйд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа учраас аймаг бүх талаар дэмжиж ажиллана гэдгийг аймгийн Засаг дарга А.Ишдорж хэллээ.

Turk Asia MGL” компаний захирал Хусмен Сейхан: “Манайх ямаа, хонины хагас боловсруулсан арьсыг Турк руу гаргадаг. Туркийн хэрэглэгчид Монголоос экспортлосон арьсны чанарыг мэддэг болсон учраас бид зөвхөн Улаанбаатарт биш, орон нутгийн хэмжээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байна” хэмээв.

 

ХХААХҮЯ-ны Судалгаа хөгжлийн төвийн захирал Б.Батхүү: “Арьс ширийг гүн боловсруулахад химийн бодисыг маш ихээр хэрэглэдэг учраас байгаль орчинд сөрөг нөлөөтэй байдаг. “Арьс ирээдүй” ХХК-ийн үйлдвэр нь дэргэдээ цэвэрлэх байгууламжийг хамт шийдсэн нь маш олзуурхууштай байлаа. Цаашид үйлдвэрлэлээ тогтвортой авч явахад арьсны чанар их нөлөөлнө. Малчид паразитаас болон гэмтлээс малынхаа арьсыг хамгаалах, тухайлбал, шивээ ургамалгүй бэлчээрээр бэлчээрлүүлэх шаардлага үүснэ. Мөн бой нядалгааны газрууд арьс ширээ хутга мэсний гэмтэлгүйгээр авах хэрэгтэй. ХХААХҮЯ-ны Судалгаа хөгжлийн төвөөс арьс ширний гэмтлийн судалгаа хийхэд 90 гаруй хувь нь гэмтэлтэй байсан. Тиймээс малын арьс ширний гэмтэлд бодлогын асуудлаа чиглүүлэх ёстой гэж үзэж байна” гэсэн юм. 

Өвөрхангай аймаг мал аж ахуй түшиглэсэн, мал, малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдээр эдийн засгийнхаа дийлэнх хувийг бүрдүүлдэг, малынхаа тоо толгойгоор ч улсад тогтмол тэргүүлдэг онцлогтой.

Тиймдээ ч аймгийн бодлого, шийдвэрт малын түүхий эдийг нэмүү өртөг шингээн зах зээлд нийлүүлэх, малчдынхаа эдийн засгийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилтыг тусган ажилладаг. Орон нутгийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар байгуулсан дулаан аргаар мах боловсруулдаг, мөн ноос угааж, самнаж боловсруулдаг иж бүрэн, томоохон үйлдвэрүүд, сүү, цагаан идээ боловсруулах үйлдвэрлэлүүд тус аймагт үйл ажиллагаагаа тогтворжуулсан бол ирэх  жил ясны, өөх тосны жижиг үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөтэй байгааг аймгийн Засаг дарга хэлэв. 

相关新闻