АНУ-ын батлан хамгаалах салбарын төсвийн төслийг баталжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Конгрессын Сенатын танхим 10 дугаар сарын 1-нд эхэлсэн 2022 оны санхүүгийн жилийн батлан хамгаалах салбарын төсвийн төслийг 770 тэрбум орчим ам.доллароор баталлаа.
Уг баримт бичгийг батлахыг 89 сенатч дэмжиж, 10 гишүүн эсрэг санал өгсөн байна. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим өнгөрсөн долоо хоногт энэ хуулийн төслийг баталсан бөгөөд одоо Ерөнхийлөгч Жо Байденд гарын үсэг зуруулахаар хүргүүлнэ.
Америкийн хууль тогтоох байгууллагын хоёр танхим хоёул зөвшилцөн тохиролцсон уг төсөлд ОХУ-ын эсрэг чиглэсэн Европын тогтоон барих хөтөлбөрт 4 тэрбум ам.доллар хуваарилах тухай заалт орсон байна. Түүнчлэн Украинд цэргийн тусламж үзүүлэхэд 300 сая ам.доллар олгох бол дахин 150 сая ам.долларыг "Балтын тэнгисийн орнуудтай аюулгүй байдлын салбарт хамтран ажиллахад" зарцуулна.
Үүний зэрэгцээ АНУ-ын хууль тогтоогчид "Умардын урсгал 2" хий дамжуулах хоолойн эсрэг хориг арга хэмжээ авах тухай заалтыг хассан байна.
Түүнчлэн ОХУ-ын сайд нар, томоохон бизнес эрхлэгчид, олон нийтийн зүтгэлтнүүд, сэтгүүлчид зэрэг тус улсын 35 иргэнийг хар жагсаалтад оруулах, тус улсын өртэй холбогдуулан хориг арга хэмжээ авах заалтыг хасжээ. Эдгээр нь бүгд өмнө нь өнгөрсөн намар Төлөөлөгчдийн танхимаас баталсан төслийн хувилбарт нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэрээр оруулж ирсэн заалтууд юм.
Бусад заалтууд
Уг төсөлд мөн Пентагон болон ОХУ-ын Батлан хамгаалах яам хоорондын хамтын ажиллагаанд тавьсан хязгаарлалтыг сунгах, "Крымд Оросын бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрсөн аливаа үйл ажиллагаанд" төсвийн мөнгийг зарцуулахыг хориглох талаар тусгасан байна.
Үүнээс гадна, баримт бичигт Энэтхэг, Номхон далайн бүс нутгуудтай холбоотой хөтөлбөрүүдэд 7 тэрбум гаруй ам.доллар гаргахаар тусгасан байна. Түүнчлэн Афганистанд явуулсан Америкийн цэргийн кампанит ажлыг судлах комисс байгуулах, Пентагоны хөрөнгийг "Талибан" хөдөлгөөнд шилжүүлэн өгөхийг хориглох заалт оруулжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа батлан хамгаалах салбарын хэрэгцээнд зориулж, 753 тэрбум ам.доллар хуваарилахыг Ардчилсан намын гишүүд олонхын суудлыг эзэлдэг Конгрессоос өнгөрсөн хавар хүссэн юм. Түүний хүсэлтийг хэлэлцэх явцад энэ хэмжээ нэмэгджээ. 2021 онд АНУ-ын батлан хамгаалах салбарын төсөв 740 тэрбум ам.доллар байсан байна.