В.Жириновский коронавирусний вакцины долоо дахь тунг тариулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-12-16 12:53:42

МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-ын Либерал ардчилсан намын дарга Владимир Жириновский коронавирусний вакцинд долоон удаа хамрагдсан гэж мэдэгджээ.


“Вакинаа хийлгэ найзууд аа. Өмнө нь би “Спутник V” вакциныг хийлгэсэн бол харин энэ удаа Чумаковын нэрэмжит төвийн “КовиВак” вакциныг тариуллаа. Энэ бол идэвхгүйжүүлсэн вирустэй, олон жилийн хугацаанд шалгарсан технологиор бүтээсэн сонгодог вакцин юм. 2020 оны есдүгээр сараас хойш би нийтдээ долоо дахь тунгаа хийлгэлээ" гэж В.Жириновский телеграм хуудсандаа бичсэн байна. 


Улстөрч нэг ч удаа “COVID-19”-өөр өвдөөгүй гэдгээ тэмдэглээд, биеийн байдлынхаа талаар ярихдаа, маш сайн байна гэжээ.


Үүний зэрэгцээ Оросын олон иргэн коронавирусний вакцин хийлгэхийг хүсэхгүй байгаад В.Жироновский харамсаж байгаагаа илэрхийлжээ. "Коронавирус дэлхий даяар тархсан хэвээр байна. Гэвч Оросын хүн амын тал нь вакцин тариулахуйц хэмжээний боловсроогүй байгаа нь харамсалтай" гэж тэрбээр бичсэн байна. 


Өнгөрсөн оны намраас хойш хамрын вакциныг оруулаад “COVID-19”-ийн зургаан тун вакцин тариулсан гэж В.Жироновский 10 дугаар сард мэдэгдэж байжээ. Тэрбээр "Спутник V" болон "Спутник лайт" вакцинаар дөрвөн тун, хоёрыг нь “КовиВак”-аар хийлгэсэн байна.


"Залуу наснаасаа улаан бурхан, хижиг, салхин цэцэг, томуугийн вакцин хийлгэж сурсан" бөгөөд вакцин нь "аюултай өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн сайн даатгал" учир вакцинд хамрагдахаас айдаггүй гэж тэрбээр ярьжээ.


 


相关新闻