Дэлхийн хотуудын олон улсын олимпиадад Улаанбаатар хотын баг III байрт шалгарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-12-14 15:30:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Москва хотын Засгийн газраас жил бүр зохион байгуулдаг дэлхийн хотуудын олон улсын VI олимпиадад Улаанбаатар хотын сурагчид багийн дүнгээрээ гуравдугаар байр эзэллээ.


Тус олимпиадад 35 хотын баг оролцон, хими, физик, математик, мэдээлэл зүй гэсэн дөрвөн төрөлд өрсөлджээ.

Тэмцээний төрөл тус бүрд Улаанбаатар хотоос 14-18 насны хоёр сурагч буюу нийт найман сурагч оролцож хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ. Тодруулбал, математикийн төрлөөр нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн сурагч Б.Мөнхцэлмэг алтан медаль, химийн төрлөөр “Сэлбэ” сургуулийн сурагч Б.Гэрэл алтан медаль, “Орчлон” сургуулийн сурагч Ц.Тайхар хүрэл медаль, физикийн төрлөөр “Сант” сургуулийн сурагч Б.Билгүүн мөнгөн медаль, мэдээлэл зүйн төрлөөр Ш.Билгүүдэй хүрэл медаль хүртсэн байна.   

Сурагчид физик, химийн чиглэлээр онол, туршилтын даалгавар гүйцэтгэсэн бол математик, мэдээлэл зүйн төрөлд бодлого боджээ. Тус олимпиад олон улсын хамгийн том олимпиадад тооцогддог бөгөөд сурагчид хүнд даалгаврууд гүйцэтгэдгээрээ онцлог юм.

 

Энэхүү олимпиадын үеэр хоёр цагийн дотор 80 бодлого бодох шаардлагатай блиц тэмцээн болж, Улаанбаатар хотын баг шагналт байр эзэлсэн байна. Уг тэмцээнд 43 хотын сурагчид оролцжээ.


相关新闻