Мотоциклээр такси үйлчилгээ эрхлэгчид аймгийн Засаг даргад хүсэлт гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-12-13 18:31:17

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр суманд мотоциклээр такси үйлчилгээ үзүүлдэг 50 гаруй иргэн өнөөдөр аймгийн Засаг гдарга А.Ишдоржтой уулзлаа. 

Арвайхээр смын Засаг даргын захирамжаар 12 дугаар сарын 1-нээс 2 дугаар сарын 1 хүртэл хугацаанд мотоциклээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон шийдвэрийн дагуу санал хүсэлтээ илэрхийлсэн юм.

Аймгийн Засаг дарга А.Ишдорж “Бид шийдвэр гаргахдаа нэн тэргүүнд иргэдийнхээ амь, аюулгүй байдлыг чухалчилдаг. Цас орж, халтиргаа, гулгаа үүссэн үед мотоциклээр замын хөдөлгөөнд оролцох нь ихээхэн эрсдэлтэй. Үүний зэрэгцээ техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, бичиг баримтаа бүрдүүлээгүй, хамгаалах малгай өмсөлгүйгээр зорчигч тээвэрлэх нь өөрийн болон бусдын аминд аюул учруулж байгаа хэрэг. Иймд дээрх шийдвэрийг жил бүр гаргасаар ирсэн” гэв.

Гэвч цар тахал, халдварын нөхцөл байдлаас шалтгаалан өрх бүрт эдийн засгийн хүнд байдал үүссэн, ялангуяа мотоциклээр таксидаж амьжиргаагаа залгуулдаг иргэдийн хувьд өрхийн орлого эрс буурсан учраас зөвхөн цас ороогүй, халтиргаа гулгаагүй үүсээгүй үед аюулгүй байдлаа хангаад замын хөдөлгөөнд оролцох, байршил байршлаараа нэгдээд зохион байгуулалтад орох тохиролцоонд хүрлээ. Мөн хурд хэтрүүлэхгүй байх, хөгжим, сигналаа чангаар дуугаргаж, оршин суугчдын амар тайван байдлыг алдагдуулахгүй байхыг анхааруулсан юм.

2021 оны байдлаар Өвөрхангай аймгийн хэмжээнд зам тээврийн 84 осол, 32 хэрэг зөрчил гарснаас 19 нь мотоциклийн хөдөлгөөнтэй холбоотой байна. Ослын улмаас 13 хүн амиа алдаж, 11 хүн гэмтэж бэртжээ.

相关新闻