Төрийн үйлчилгээний ажилчид эсэргүүцлээ илэрхийлж шаардлага хүргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-12-10 17:15:15

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоон дээр төрийн байгууллагын үйлчилгээний ажилчдыг гэрээт болгох шийдвэрийг эсэргүүцсэн цахим тэмцэл боллоо.

Энэ үеэр коронавируст цар тахлын нөхцөл байдал хүндэрч, иргэд, аж ахуйн нэгжийн орлого буурч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа хүнд үед төрийн байгууллагын үйлчилгээний ажилчдыг гэрээт болгох шийдвэр гарч буй нь иргэдийн амьдралд нийцээгүй шийдвэр гэдгийг хэлж байлаа. Тус аймгийн 1520 үйлчилгээний ажилчид цахим тэмцэлд нэгдсэн байна.

Тэмцэлд оролцогчдоос МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүллээ. Тус шаардлагад Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд “Байнгын ажлын байр дээр хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж байна. Иймээс Хөдөлмөр нийгмийн зөвшлийн үндэсний хороог яаралтай хуралдуулж асуудлыг хэлэлцэх, МҮЭ-ийн төлөөллийг оролцуулсан уулзалт  зохион байгуулахыг онцолсон байна.

 

相关新闻