Б.Сувд: Өвөрхангайд зохиогчоор гарын үсэг зуруулах соёл их дэлгэрсэн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга
Г.Занданшатарын ивээл дор улсын хэмжээнд зохион байгуулж буй “Номын баяр”
Арвайхээр хотноо амжилттай боллоо. Тус үйл ажиллагаанд номын 8
компани, 12 зохиолч ирж оролцон 500 гаруй номыг уншигчдын хүртээл болгосон юм. Үйл
ажиллагааны талаар “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувдаас тодрууллаа.
- -“Номын баяр”-ын 30 дахь үйл ажиллагаа Өвөрхангай
аймагт үргэлжиллээ. Манай аймгийн хувьд онцлог, давуу тал нь юу байв?
- -“Номын
баяр”-аа Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж гуайн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх,
аймгийн Төв номын сантай танилцах ажлаар эхлүүлсэн. Өмнөх орой нь бид “Сэгс
цагаан богд”-ыг хоороор уншиж байсан учраас их зохиолчийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэхэд сайхан санагдаж
байлаа.
“Номын баяр”-ын үйл ажиллагаанд ерөнхий
боловсролын сургуулийн сурагчид, номын санчид, цэцэрлэгийн багш нар идэвхтэй сайн оролцлоо. Хэрэв Орхон аймагт гурван өдөр зохион
байгуулсан шиг Өвөрхангай аймагт 2-3 удаа зохион байгуулвал илүү өөр дүр төрх
харагдахаар байна.
Нэг онцлог тал гэвэл хүүхдүүд авсан ном
бүртээ зохиолчоор гарын үсэг зуруулж байсан. Номдоо гарын үсэг
зуруулах соёл их дэлгэрсэн байна. Магадгүй, Соёлын гавьяат зүтгэлтэн, Чингис
хаан одонт Г.Мэнд-Ооёо ах маань харж байсан бол энэ талаар яалт ч үгүй нэг
зүйлийг бичих байсан байх. Бичсэн зохиолчоор нь номдоо гарын үсэг зуруулж
авна гэдэг бол тэр номыг нандигнан хайрлах, цаашид өвлүүлэн үлдээх нэг том
шалтгаан юм. Ном бол бусдад дамжин өвлөгдөж байдаг оюуны
биет өв шүү дээ.
Магадгүй, ирэх жил гарын үсэг зуруулаад зогсохгүй тамгыг нь даруулж авья гэсэн хүсэлт тавихыг ч үгүйсгэхээргүй бодол төрж байлаа. Аймаг, орон нутгаас идэвхтэй оролцож, хамтарч ажилласанд баяртай байна.
- -Өвөрхангай аймагт хүүхдийн зохиолчид, хүүхдийн номыг түлхүү авчирлаа гэж
ярьж байсан. Таны ажигласнаар хүүхдүүд номд илүү хайртай байдаг уу?
- -Аль ч
аймагт очсон биднийг хүүхдүүд л хүлээж байдаг. Тийм учраас Баянхонгор,
Өвөрхангай аймгаар явахдаа хүүхдэд илүү нөлөөлөх зорилгоор хүүхдийн
зохиолчидтой хамтран ажилласан. Өвөрхангай аймагт ч гэсэн оролцогчдын маань 90
хувь нь хүүхэд байна. Хүүхэд байхдаа авсан дурсамж хамгийн гоё байдаг шүү дээ.
Хүүхэд насны дурсамжаараа хөглөгдөж зохиолч болсон хүн олон байдаг.
Тийм болохоор “Номын баяр”-аараа олон олон хүүхдэд сайхан хүсэл тэмүүлэл,
мөрөөдөл үлдээж, сэтгэлийн боловсрол
олгох нь чухал гэж бодсон. Уншсан номоосоо нэг ч гэсэн өгүүлбэрийг оюун
санаандаа хадгалж үлдээд ирээдүйд эх орноо хөгжүүлэх хүсэл тэмүүллээр
жигүүрлээсэй, олон шилдэг зохиолч, уран бүтээлч төрөн гарах сэдэл санаа авсан
байгаасай гэж хүсэж байна. Өнөөдрийн ном авсан, уншсан хүүхдүүд маань тав, арван
жилийн эх орноо авч явах эзэд нь болно шүү дээ.
- -“Номын баяр”-ын нэг зорилго нь хуулийн хэрэгжилтийг хангахад оршиж байгаа
гэдгийг нээлтийн үеэр хэлж байсан. Энэ хуулийн талаар ойлголт өгөөч?
- -Дэлхийн 100 гаруй улс оронд иргэдээ соён гэгээрүүлж, оюуны
хэрэгцээг хангах зорилгоор номын баярыг тусгайлан тэмдэглэж ирсэн байдаг. Манай улсын хувьд 2000 оноос “Үндэсний номын баяр”-ыг тэмдэглэж ирсэн. Энэ нь ихэвчлэн төрийн бус
байгууллагуудын идэвх санаачилгаар хийж ирсэн байдаг. Харин өнгөрөгч 7 дугаар
сард Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн
тухай хуульд нэмэлт оруулж, “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд”-ийг бий болгосон. Энэ хүрээнд тав болон есдүгээр сарын 3 дахь долоо хоногийг Үндэсний ном, бичиг соёлоо
дээдэлдэг номын баярын өдөр болгон баталсан.
Үүнийг олон нийтэд танин мэдүүлэх шаардлага байна. Ямар ч хуулийг салбар бүрт сурталчлан мэдүүлэх үйл ажиллагаа явагддаг шүү дээ. Манай байгууллагаас дээрх хуулийн заалтыг бүх нийтэд, онцгойлон номд хайртай, ном унших дуртай хүн бүрт танин мэдүүлэхийг хүсч, орон нутгаар тойрон ажиллаж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Соёлын яамнаас “Соёлын бүтээлч сар” аяныг зарласан. Биднийг УИХ-ын дарга Г.Занданшатар болон Соёлын яамнаас дэмжиж ажиллаж байгаад баяртай байна. Энэ ажил маань ирэх онд үргэлжилнэ. “Манай аймагт яагаад ирэхгүй байна” гэсэн асуулт зөндөө ирдэг. Бид ирэх жилд очно гэдгийг энэ ташрамд хэлье.
- -Та өөрийн бичсэн “Цар тахлын тэмдэглэл” гэх номыг уншигчдад танилцууллаа.
Их сонирхолтой санагдсан шүү?
- -Өөрийн бичсэн нэг, эмхэтгэсэн хоёр
номтой ирсэн. Сэтгүүлчээр 13 жил ажиллахдаа номын сэтгүүлчээр дагнан ажиллаж
байгаа цөөхөн хүний нэг. Хүний амьдралд санамсаргүй янз янзын л үйл явдал
өрнөдөг шүү дээ.
Өнгөрсөн жил би цар тахлын үеэр АНУ-д гацчихсан юм. Буцах тасалбар хүчингүй
болж, улс маань хилээ хаачихсан. Гадаад руу богино хугацаагаар яваад урт
хугацаанд гацна гэдэг бол төсөөлшгүй. Тэр үед маш олон асуудал өрнөж байлаа. Олон
хүний амьдрал, эдийн засаг уналтад орсон. Амиа алдсан, сэтгэл санааны гүн
хямралд ороод галзуурсан, өвчин туссан хүн ч байсан. Сэтгэл санааны хохирол
гэдэг зүйлийг монголчууд чухалчилж үзэх цаг ирсэн байна. Гадаадад байгаа монголчууд
цар тахлын хүнд үеийг яаж даван туулж, эх орондоо хөл тавьсан бэ гэдгийг хойч
үеийхэн маань мэдээсэй, тухайн үед шийдвэр гаргаж байсан хүмүүс алдаа дутагдалтай
шийдвэр гаргаж байснаа эргэж хараасай, дахиад ийм цаг үе тохиолдоход бэлэн
байхын тулд амьдралд бодитой бодлоо боловсруулчихсан байх ёстой гэдгийг
ойлгоосой, энэ цаг үеийг бүү мартаасай гэх
үүднээс энэ номоо бичсэн.
Хэдийгээр энэ цаг үе өнгөрч байгаа ч түүх болж үлдэнэ. Номынхоо нээлтийг 11
дүгээр сарын 11 буюу Монгол Улсад цар тахал алдлаа гэж мэдээлсэн тэр өдөр уншигчдад
хүргэж байсан.
- -Нийслэл болон орон нутагт зохион байгуулсан “Номын баяр”-ын үр дүнг хэрхэн харж
байна вэ?
- -Улаанбаатар хотод “Номын баяр”-т ирдэг
оролцогчдын дийлэнх нь хүүхэд, залуучууд
байдаг. Тэдний дундаас бичиж, туурвих хүсэлтэй залуу уран бүтээлчид олноор
төрөн гарч байна. Хүүхдүүд ном унших дуртай болж, уншигч, зохиолчдын уулзалтуудыг
хийж хэвшсэн байна. Үүнийг дагаад мэдлэгт суурилсан эдийн засаг хөгжиж байна.
Цааш нь улам илүү хөгжүүлэхийн тулд төрийн бодлого хэрэгтэй. Ном бол онцгой
бараа бүтээгдэхүүн учраас хайр халамж хэрэгтэй байдаг. Өвөрхангай аймгийн хувьд
хүмүүс нь ном унших идэвхтэй байна, хүүхдүүд нь номдоо гарын үсэг зуруулж авч
байна гэдэг бол их чухал үзүүлэлт юм. Энэ соёлыг өртөөлөн уламжлахын тулд төрийн
зүгээс, зохиолч уран бүтээлчдийн зүгээс, уншигчдын зүгээс ч идэвх чармайлтай
оролцох хэрэгтэй. Номын соёлыг түгээдэг байгууллагууд, номын худалдаа эрхэлдэг
дэлгүүрүүд олноор бий болоосой, өчигдөр Улаанбаатарт хэвлэгдсэн ном өнөөдөр энд
ирчихсэн байх хурдтай үйлчилгээ бий болоосой гэж бодож байна.
- -Мэдээлэл өгсөнд баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье.
- -УИХ-ын дарга, Соёлын яам, аймаг, орон
нутгийн удирдлага, соёлын байгууллагынхан, үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагтаа
баярлалаа. МОНЦАМЭ агенлагийн 100 жилийн ой энэ жил тохиож байна. Монгол орныхоо
үйл явдлыг Олон Улсад түгээдэг мэдээллийн томоохон агентлаг учраас хамтран ажиллаж
байгаадаа баяртай байгаа. Бид түншлээд олон “Номын баяр”-ын ард гарсан байна.
Цаашид “Олон Улсын номын баяр” болгох
зорилт тавьж байгаа.