Дэлхийн хотуудын олон улсын VI олимпиадад Улаанбаатар хотын баг оролцож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Москва хотод жил бүр зохион байгуулдаг Дэлхийн хотуудын олон улсын VI олимпиад энэ сарын 6-13-нд болж байна.
Дэлхий даяар коронавируст цар тахлын халдварын тархалтаас сэргийлэн, аюулгүй байдлыг хангах зорилгоор тус олимпиадыг танхим, цахим хослуулан зохион байгуулж байгаа. Мөн олон улсын 30 хотын багууд тоо, мэдээлэл зүй, хими болон физик гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөж буй.
Дэлхийн хотуудын олон улсын VI олимпиадад нийслэлийн шилдэг найман сурагч оролцон, мэдлэг, ур чадвараа сорьж байна. Олимпиадын дүн энэ сарын 13-нд гарна.
Өнгөрсөн жил зохион байгуулсан олимпиадад Улаанбаатар хотын баг гуравдугаар байр эзэлсэн юм.