Баянхонгорынхон “Өдөр бүр уншъя” урианд нэгдлээ

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2021-12-06 13:51:10

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын Дарга Г.Занданшатарын ивээл дор “Өдөр бүр уншъя” уриатай "Номын баяр - Баянхонгорт” үйл ажиллагаа өнөөдөр /2021.12.06/ хүүхдийн Тэмүжин театрт болж байна. 

Монгол Улсын Соёлын яам, "Номын Соёлт Ертөнц" ТББ, Баянхонгор аймгийн Соёлын хэлтэс, аймгийн Нийтийн номын сан хамтран зохион байгуулж буй тус үйл ажиллагааны хүрээнд зохиолч, уншигчдын уулзалт, ЕБС-ийн сурагчдад зориулсан илтгэл сургалт, хүүхдэд ном сонгох зөвлөмж яриа, номын санч, нийгмийн ажилтнуудад зориулсан соёл олон нийтийн ажлын тухай уулзалт, шинэ номын үзэсгэлэн худалдаа болж байна.

Энэхүү үйл ажиллагаанд Үндэсний номын баярыг санаачлагч, номзүйч Б.Сувд, Монголын Хүүхдийн төв номын сангийн арга зүйч Л.Батболор, номын зохиолч, номын худалдаа эрхлэгч зэрэг 35 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. 
Номын баяраар,

Л.Батболор "Уншигч та тэргүүний уншигч болохын ач холбогдол"   

Б.Гантигмаа "Телевизийн эфир, түүнд өөрийгөө бэлтгэх" 

Б.Эрдэнэцэцэг “Эсгий урлал ба өрхийн үйлдвэрлэл”   

П.Наранбаатар “Хүүхдийн зохиолын шинэ эрин”

Б.Сарантуяа "Шинэ зууны уран зохиол ба уншигчид”

Т.Энхтуяа “Уншлагаар хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх нь”

Ц.Энхтүвшин “Би хүүхдийн зохиолч” зэрэг сэдвээр лекц уншина.

Мөн өдрийн 14.00 цагаас

Б.Сувд "Номын баяр буюу тэмдэглэлт өдрийн хууль"

Б.Сайнзаяа ,Б.Нарангарав “Номын ертөнц клуб юу хийдэг вэ”

Б.Ганчимэг “Хөгжим сурах хэцүү юу?”

Б.Хулан “Залуусын амьдралын хэв маяг”

С.Амарсанаа “Амьдрал өөрчлөх уншлага”,

М.Ууганбаяр “Шашнаа зөв ойлгохуй” зэрэг сэдвээр мэдээлэл хийнэ.

Мөн үеэр 50 хүртэлх хувийн хямдралтай үнээр номын үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.

Номын баярын хүрээнд аймгийн Нийтийн Номын санд14-17 цагт ЕБС-ийн 3, 4 дүгээр ангийн сурагчдын дунд "Хурдан уншлага" уралдааныг хийж, эхний гурван байрт шалгарсан хүүхдүүдийг номын багцаар урамшуулна. Мөн үйл ажиллагааны хаалтын үеэр Шилдэг тэргүүний уншигчдад шагнал гардуулах, 19 сумын нийтийн номын санд ном хандивлах юм.