Цагааннуур сумыг Сэлэнгэ аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгийн тариаланчид улсынхаа хэрэгцээт үр тарианы 60 гаруй хувийг
дангаараа үйлдвэрлэдэг. Тариаланчид энэ жил
138.0 мянган га талбайгаас 197.6 мянган тонн буюу нэгж га талбайгаас 14.3 центр
үр тариа хураан авсан байна.
Монгол Улсын тэргүүний сум Цагааннуурын тариаланчид энэ жил 21.3 мянган га талбайгаас 32.3 мянган тонн буюу нэгж га талбайгаас 15.2 центр үр тариа хураан авсан амжилттайгаар хөдөө аж ахуйн салбарт ажиллагсдын өдөр буюу “ургацын баяр”-аа тэмдэглэлээ. Сэлэнгэ аймгийн үр тарианы 30-40 хувийг, улсын үр тарианы 10-15 хувийг дангаараа хангадаг Цагааннуур сумаас Монгол Улсын хөдөлмөрийн баатар гурав, гавьяат цолтон 12, улсын аварга хамт олон, тариаланчид олноор төрөн гарсан байдгаараа онцлогтой.
Тус сумын ургацын баярын үйл ажиллагаа нутаг орныхоо
хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж ажилласан шилдэг хүмүүсээ төрийн дээд
одон, медаль болон аймаг, сумын шагналаар шагнажээ. Тухайлбал
“Алтан гадас одон”-оор гурав, ХАА-н тэргүүний ажилтан цол тэмдгээр 17, Нягтлан
бодох бүртгэлийн тэргүүний ажилтан тэмдгээр нэг, ХХААХҮЯ-ны Жуух бичгээр долоо
долоо, аймгийн Засаг даргын Жуух бичгээр тав, Сумын Засаг даргын Жуух бичгээр
таван хүнийг тус тус шагнав. Мөн энэхүү хүндэт баярынх нь үеэр аймгийн ИТХ-аас
тус сумыг Сэлэнгэ аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа гардуулан өглөө.
Баярын
үйл ажиллагаанд хөг нэмж, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин С.Ганзориг, жүжигчин,
дуучин М.Бямбажав, мөн Хошин урлагийн “Маск” продакшны жүжигчин Монгол Улсын гавьяат
жүжигчин М.Баярмагнай, АДБ-ын “Сэлэнгийн долгио чуулга”-ын уран
бүтээлчид оролцож, ая дуугаа өргөжээ. Урлагийн тоглолтыг Цагааннуур сумын
“Тариан цацал” ХХК ивээн тэтгэж, орон нутагт урьж авчирсан аж.