“Эзэн заяа IX” яруу найргийн наадмын шилдгүүд тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-11-25 21:28:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн хятад хэлний сургалттай “Үй Цай” сургуулиас зохион байгуулдаг “Эзэн заяа” уран уншлага, яруу найргийн наадам өнөөдөр боллоо.

 

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч Д.Пүрэвдоржийн нэрэмжит энэхүү тэмцээнийг тус сургуулийн Монгол хэл уран зохиолын танхимаас 9 дэх жилдээ зохион байгуулав.

Энэхүү наадам нь сурагчдын яруу найраг шимтэн сонирхох, уран унших, шүлэг зохиох, авьяас чадварыг урамшуулан дэмжих, эх орон, ёс заншил, түүх соёл, оюуны үнэт зүйлсээ эрхэмлэн дээдлэх, түүгээрээ бахархах үндэсний ухамсрын төлөвшлийг дэмжих, яруу найрагчийн уран бүтээлийг түгээн дэлгэрүүлэх зорилготой.

Энэ удаагийн тэмцээнийг бага, дунд, ахлах гэсэн насны ангиллаар явуулсан юм. Тэмцээнд нийслэлийн ерөнхий боловсролын 8, хөдөө орон нутгаас 4 аймгийн 38 сурагч өрсөлдөв. 

Тэмцээний шүүгч, МЗЭ-ийн гишүүн, Ч.Лхамсүрэнгийн нэрэмжит шагналт, зохиолч, яруу найрагч Ж.Сарантуяа ярихдаа, “Хүүхдүүд унших, цээжлэхээс холдсон энэ үед Үй Цай сургууль 9 дэх удаагаа нэрт яруу найрагчийн бүтээлийг хүүхдүүдэд өвлүүлж байгаа нь олзуурхууштай юм. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан энэ жил цахимаар явуулж байгаа ч хүүхдүүд маш сайн бэлдсэн байна. Мөн хүүхдээ дагаад эцэг эхчүүд, гэр бүл оролцож байгаа нь өгөөжтэй юм. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад цөөн хүүхэд чанартай бүтээлээр Хөвсгөл, Завхан, Булган, Өвөрхангай аймгаас оролцон наадам улс орон даяар өргөжиж байна. Хамгийн гол нь хүүхдүүдэд яруу найраг уншуулж, Дэндэвийн Пүрэвдорж гэж ямар агуу найрагч байсныг тодотгон таниулахаас гадна Монголын уран зохиолыг цээжлэх, ойлгуулах, гоо сайхныг танин мэдүүлэх,  яруу найргийн агуу тансаг ертөнц рүү дагуулах ажил зохион байгуулж буй сургуулийн удирдлагуудад талархсанаа илэрхийлье. Цаашид зөвхөн ерөнхий боловсролын сургууль төдийгүй их, дээд сургуулийн оюутнууд, ялангуяа сэтгүүлчийн ангийн оюутнуудын дунд зохион, Монгол орон төдийгүй дэлхий даяар хүсэн хүлээдэг наадам болно гэдэгт итгэлтэй байна” гэв.


Тус наадмын хүндэт зочин Төрийн шагналт, СГЗ, яруу найрагч Д.Төрбат, “Монголын ард түмэн найман настнаас наян настан хүртэл яруу найрагч ард түмэн юм. Ухаант ард түмний нэгэн бахархал бол миний багш, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж багштан юм. Сэрүүн тунгалагт нь “Цэцэн билэгт найрагч” гэж цол хайрласан байдаг. “Хөх даалинбан тэрлэг” найраглалыг нь уншихад

Цэрэг эрсийн улаан тоос

Цэцгэн дундуур татаад явсан юм

Цээжин дотор хагацал орхиод

Цэнхэр уулсыг даваад явсан юм” хэмээн торох зүйлгүй урсаад гарсан мэдрэмж төрдөг юм. “Чингис” шүлэг нь

Тэмүүжин нумын хөвчнөөс төрөөгүй юм

Тэмүүжин сумын зүүнээс гараагүй юм

Тэмүүжин Өөлүүн эхээс төрсөн юм

Тэмүүжин өрлөг түүхээс гарсан юм” хэмээн цэцлээд шүлэглэсэн цэцэн билэгтэй яруу найрагч байлаа. 1933 онд Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн. Бурхан болсны дараа нь Өвөрхангай аймагт хөшөөг нь барьж байсан. Ер нь өөрөө амьд мэнддээ хөшөөгөө босгосон хүн. Тэр нь өөрийнх нь олон сайхан, ном, шүлэг, дуунд мөнхрөн үлдсэн. “Дөрвөн цагийн тал”, “Хаврын шөнийн бодол” дууг нь дуулдаггүй монгол хүн байхгүй. Бид өв сангаар нь зургаан боть гаргасан. Дэндэвийн Пүрэвдорж найрагч шиг таван дуурь, 50 яруу найраглал бичсэн яруу найрагч өнөөдөр монголын утга зохиолд гарч ирээгүй байна. Тусгаар тогтнолын өдрөөр ”Эзэн заяа” яруу найргийн наадам зохион байгуулдаг уламжлалтай Үй Цай сургуулийн хамт олонд талархал илэрхийлье” гэв.


Тэмцээн Д.Пүрэвдоржийн эх орны сэдэвт шүлэг, яруу найргаас сонгон унших, өгсөн сэдвийн дагуу шүлэг зохиох зэргээр шилдгүүдийг шалгаруулсан юм.

Тэмцээний 1-5 дугаар ангийн ангилалд нэгдүгээр байрт СБД-ийн 71 дүгээр сургуулийн 5 дугаар ангийн сурагч П.Энхрийлэн, дэд байрт СБД-ийн Эрдмийн хөтөч цогцолбор сургуулийн 2 дугаар ангийн сурагч Ц.Алтандэлхий, гуравдугаар байрт СБД-ийн "Үй Цай" сургуулийн 5 дугаар ангийн сурагч С.Анарад нар шалгарлаа. Харин тусгай байрт Улаанбаатар хотын "Эрдмийн Ундраа" цогцолбор сургуулийн 4-р ангийн сурагч М.Цэлмэг, тусгай байрт СБД-ийн "Ертөнц" сургуулийн 3 дугаар ангийн сурагч Б.Гоодаль нар шалгарсан юм.

6-9 дугаар ангийн ангилалд нэгдүгээр байрт Завхан аймгийн Түдэвтэй сумын ЕБС -ийн 6 дугаар ангийн сурагч С.Хулан, хоёрдугаар байр БГД-ийн 93-р сургуулийн 7 дугаар ангийн сурагч Б.Бүжинлхам, гуравдугаар байрт СБД-ийн "Үй Цай" сургуулийн 6 дугаар ангийн сурагч С.Намуун,  тусгай байрт СБД-ийн 71-р сургуулийн 7 дугаар ангийн сурагч Д.Урангоо, СБД-ийн ертөнц сургуулийн 6 дугаар ангийн сурагч Э.Нинжин нар шалгарав.

10-12 дугаар ангийн ангилалд нэгдүгээр байрт Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч Б.Номиндарь, хоёрдугаар байрт СБД-ийн "Үй Цай" сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Хишигтогтох,  гуравдугаар байрт СБД-ийн 31 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Э.Ариунзаяа, тусгай байрт СБД-ийн "Үй Цай" сургуулийн 10 дугаар ангийн сурагч Г.Хүслэн, тусгай байрт  СБД-ийн Ертөнц сургуулийн 10 дугаар ангийн сурагч М.Нямжаргал нар шалгарав.





相关新闻