Италид вакцинд хамрагдаагүй иргэдийг зоогийн газраар үйлчлүүлэхийг хориглоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
РОМ. /The Local/.
Италийн Засгийн газар коронавирусний
халдварын тархалтыг хязгаарлахын тулд вакцинд хамрагдаагүй иргэдийг тодорхой
үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхийг хориглохоор шийдвэрлэжээ.
Өнөөдөр гаргасан
энэхүү шийдвэрийн дагуу ирэх 12 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн зоогийн газар,
кинотеатраар үйлчлүүлэх, спортын тэмцээн үзэх хүмүүс вакцинд хамрагдсан юм уу
халдвар аваад эдгэрсэн баталгаагаа үзүүлэх шаардлагатай болно.
Одоогоор вакцинд
хамрагдаагүй иргэд шинжилгээний хариугаа сөрөг гарсныг батлан эдгээр газраар
үйлчлүүлж байгаа юм. Мөн Засгийн газар цагдаагийн ажилтнууд, цэргүүд, эмнэлгийн
ажилтнууд, багш нарт вакцинд заавал хамрагдах шаардлага тавихаар болжээ.
Италид одоогоор
вакцины нэмэлт тунг 40-өөс дээш насны иргэдэд тарихыг зөвшөөрөөд байгаа бол
ирэх сараас 18-аас дээш насны иргэдэд санал болгож эхэлнэ. Харин эмнэлгийн ажилтнуудын
хувьд нэмэлт тунд заавал хамрагдах ёстой байна.
Хүн амынх нь 72
гаруй хувь нь вакцины хоёр тунд хамрагдсан үзүүлэлтээр Итали нь Европын
орнуудын дундаа вакцинжуулалтын үзүүлэлтээрээ дээгүүр жагсаж байгаа хэдий ч
лхагва гарагт халдварын 12 мянга гаруй тохиолдол илэрчээ.
Ерөнхий сайд Марио
Драги мэдэгдэхдээ, хөрш орнуудад нөхцөл байдал маш ноцтой болж, Италид ч мөн адил
хүндэрч байгааг анхааруулаад, өнгөрсөн нэг жилийн хугацаанд хүрсэн үр дүнгээ
хадгалахын тулд сэрэмжтэй байхыг иргэддээ уриалжээ.