"Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл” хэрэгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг УИХ-ын дарга Г.Зандашатар өнөөдөр өргөн барилаа.
Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан байна. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын зам, тээврийн хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, гудамж замын одоо байгаа сүлжээг засварлах, шинэчлэх, шинээр авто зам барих, замын хөдөлгөөний удирдлагын төвийг шинэчлэх нэгдсэн системийг бий болгон түгжрэлийг бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, хотын зам, тээврийн стратегийн судалгааг хийх, чадавх бэхжүүлэх ажлыг 5 жилийн хугацаанд Нийслэлийн Засаг даргын тамгын газар хариуцан хэрэгжүүлэх юм байна.
"Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл"-ийг Дэлхийн банк группийн Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны 100 сая ам долларын зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх юм.