С.Асылбек: ОХУ үнээ дахин нэмбэл шатахууныг Улаанбаатараас татах нөхцөл байдал үүснэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт энэ сарын 22-ны өдрөөс шатахууны үнэ 100-150 төгрөгөөр нэмэгдэж, аймгийн төвд АИ92 бензин 2600, А80 бензин 2580, дизель түлшийг 2600 төгрөгөөр тус тус худалдаж байна. Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотой "НИК-Петровис" компанийн Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал С.Асылбектэй холбогдож дараах тодруулгыг авлаа.
- Өнгөрсөн
7 дугаар сараас хойш тус аймагт шатахууны үнэ 1000 орчим төгрөгөөр өсөөд байна.
Шатахууны үнийг нэмэх болсон шалтгааны талаар мэдээлэл өгөхгүй юу?
- Шатахууны
үнэ нэмэгдэхэд нөлөөлж буй гол шалтгаан бол ОХУ-д тухайн төрлийн бүтээгдэхүүний
үнэ өссөн байгаа. Жишээлбэл, өнгөрсөн 9 дүгээр сараас хойш л гэхэд шатахууны
үнэ тонн тутамдаа нэг удаа 60, нэг удаа 61, нийтдээ
121 доллароор нэмэгдсэн. Өмнө нь нэг тонн шатахууныг 800
орчим доллароор авдаг байсан бол одоо 1000 долларт дөхөж
байна.
- Танай
компани одоо шатахуунаа хаанаас авч байна? Улаанбаатар хотоор дамжуулан татаж
байна уу, эсвэл ОХУ-аас Цагааннуур боомтоор шууд оруулж байна уу?
- Баян-Өлгий,
Ховд аймаг шатахуунаа 100 хувь Цагааннуур боомтоор дамжуулан ОХУ-аас шууд
оруулж байна.
- Адилхан
ОХУ-аас татаж байгаа мөртлөө Улаанбаатар хот болон Баян-Өлгий аймагт
шатахууны үнэ өөр өөр байгааг иргэд шүүмжилж байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
- Бид шатахууныг ОХУ-ын Алтайн хязгаарын Бийск хотоос 800 км газраас автомашинаар тээвэрлэдэг. Харин Улаанбаатар хотод бол галт тэргээр их хэмжээгээр татдаг болохоор үнийн зөрүү гарч байгаа юм. Цаашид ОХУ-аас шатахууны үнийг дахин нэмэх юм бол тус улсаас шатахууныг шууд импортлох боломжгүй болж, Улаанбаатар хотоос татах нөхцөл байдал үүсээд байна.
- Цаашид шатахууны үнэ дахин нэмэгдэх үү?
- Одоогоор тодорхой бус байна.
- Мэдээлэл өгсөнд баярлалаа.