Пак Гын Хэ: Солонгос улс Монгол Улсын гадаад худалдааны 4 дэх том түнш
МОНГОЛЫН МЭДЭЭМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ долдугаар сарын 17-18-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Тэрээр АСЕМ-ын дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад оролцоно. БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-тэй хоёр орны харилцаа болоод АСЕМ-ын уулзалтын талаар дараах асуултад хариулт авснаа хүргэе.
-Энэ удаагийн АСЕМ-ын Дээд түвшний уулзалтаас хүлээж буй үр дүн болон Ази, Европын төрийн тэргүүнүүдэд таны зүгээс ямар мессеж хүргэхийг зорьж байна вэ?
-Монгол Улсад зохион байгуулж буй Дээд түвшний уулзалт нь АСЕМ-ын 20 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм. Энэ удаагийн уулзалтаар өнгөрсөн 20 жилийн ажлаа үнэлэн дүгнэж Ази, Европын хамтын ажиллагааг үргэлжлүүлж, дэлхий дахины энх тайван, хөгжил дэвшлийн төлөө цаашдын зорилго чиглэлээ тодорхойлох чухал яриа хэлэлцээ хийнэ гэж бодож байна. Хоёр жилд нэг удаа зохион болох уулзалтаар Ази болон Европ тивийн улс орнуудын төрийн тэргүүнүүд цугларч Их Британи Европын Холбооноос гарах (BREXIT), эдийн засгийн удаан өсөлт зэргээс шалтгаалан хүндрэлтэй тулгарч буй дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, түрэмгий үзэл суртал, терроризм, Умард Солонгосын цөмийн зэвсэг зэрэг аюулгүй байдлын тулгамдсан асуудлаар нухацтай хэлэлцэж Ази, Европын эв санааны нэгдэл, хамтын ажиллагааны ойлголтыг нэгтгэх боломж бүрдэх юм. Миний хувьд сүүлийн үед олон улсад Дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах бодлого, Шинэ тусгаарлах үзэл (neo-isolationism)-ийн талаар санаа зовниж буй энэ үед чөлөөт худалдаагаар дамжуулан харилцан худалдаагаа өргөжүүлэх нь дэлхийн эдийн засгийг сэргээх, цаашдын хөгжилд хүрэх хамгийн дөт зам болохыг онцолж, АСЕМ-ын түвшинд энэ асуудлаар ярилцана. Түүнчлэн, хоёр тивийн уялдаа холбоо, хамтын ажиллагааны нөөц бололцоог хэрэгжүүлэхэд хамгийн том саад бэрхшээл болж буй Умард Солонгосын асуудлыг шийдэхэд Ази, Европын орнуудын хамтын ажиллагаа чухал болохыг онцлон илэрхийлнэ.
-Өнгөрсөн 20-иод жилийн хугацаанд БНСУ-аас АСЕМ-ын хувьд ямар үүрэг гүйцэтгэж ирсэн бэ. Цаашид АСЕМ-ыг хөгжүүлэхэд ямар хувь нэмэр оруулахаар төлөвлөж байна вэ?
-Манай улс нь АСЕМ-ыг үүсгэн байгуулагч гишүүн орны хувьд бүс нутгийн энх тайван, хөгжил дэвшлийн төлөөх хэлэлцээ, хамтын ажиллагааны төслүүдэд идэвхтэй оролцсоор ирсэн. 2000 онд “Хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлын төлөөх шинэ мянганы түншлэл” сэдвээр 3 дахь удаагийн АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг Сөүл хотноо амжилттай зохион байгуулснаас хойш санхүү, соёл, боловсрол зэрэг олон салбарын сайд нарын түвшний уулзалт хурлыг зохион байгуулж Ази, Европын хооронд бодит хамтын ажиллагааг өргөжүүлэх яриа хэлэлцээг түүчээлж ирсэн.
Өнгөрсөн 16 жилийн хугацаанд Ази, Европын уялдаа холбоог сайжруулах хамтын ажиллагааны төсөл болох дижитал салбарын “Боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудын төрөлжсөн сүлжээнүүдийг нэгтгэсэн олон улсын сүлжээ (TEIN)”, боловсролын салбарт “ASEM DUO тэтгэлэгт хөтөлбөр”-ийг тууштай хэрэгжүүлж ирсэн. Үүгээр дамжуулан 50 сая гаруй хүн мэдээлэл холбооны сүлжээний үр шимийг хүртэж, 3 мянга гаруй багш, оюутнуудын харилцааны үр дүн гарсан байна.
Цаашид ч БНСУ-аас Ази, Европын тивийн бодит хамтын ажиллагааг эрэлхийлсэн механизм болох АСЕМ-ын нэр хүндийг өргөхийн тулд улс төр, эдийн засаг, нийгэм соёл гэсэн энэхүү 3 том салбарын хамтын ажиллагааг тэнцвэртэйгээр өргөжүүлэхэд хичээж ажиллах болно. Солонгос улсын баримталж буй “Евразийн санаачлага”-аар дамжуулан Еврази тивийн тогтвортой хөгжил, энх тайвны төлөө, Ази, Европ тивийн уялдаа холбооны дэвшлийн төлөө салбар бүрийн хамтын ажиллагааны төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж АСЕМ-ын гишүүн орнуудын ард иргэд үүний үр дүнг хүртэхүйцээр ажиллана.
-Монгол Улс, БНСУ –тай дипломат харилцаа тогтоосны 26 жилийн ой тохиож байна. Хоёр орны харилцааны одоогийн болон ирээдүйн хөгжлийн талаар та хэрхэн дүгнэж байна вэ?
-Монгол, Солонгос хоёр улс 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын харилцааг богино хугацаанд хурдацтай хөгжиж ирсэн. Хоёр улс урт удаан хугацаанд харилцаж ирсэн түүхтэй. Гарал үүсэл, хэл, соёл заншлын ижил төстэй шинж чанараараа улам ойр нөхөрсөг харилцаж ирсэн. Хоёр улс хоорондын худалдааны эргэлт дипломат харилцаа тогтоосноос хойш 100 дахин нэмэгдэж, 2015 оны байдлаар Солонгос улс Монгол улсын гадаад худалдааны 4 дэх том түнш улс бөгөөд оруулсан гадаад хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ 7 дугаарт жагсаж байна. Мөн Солонгос улсад Монгол Улсын нийт хүн амын 1 хувьтай тэнцэх буюу 30 мянган иргэн оршин сууж байгаагаас 5 мянга гаруй оюутан солонгост боловсрол эзэмшиж хоёр улсын цаашдын харилцааны үнэт баялаг болж байна. Цаашид хоёр улсын харилцаа хөгжин дэвших нөөц бололцоо маш их бий гэж бодож байна. “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаанд суурилан эдийн засаг болон бусад бүхий л салбарт хамтын ажиллагааны харилцаагаа хөгжүүлэхийн сацуу бодит хамтын ажиллагааны салбаруудаа солонгоруулж, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлбэл хоёр улсын харилцааны ирээдүй илүү гэрэл гэгээтэй болно гэж итгэж байна.
-Өнгөрөгч 5 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-д айлчилсан. Тус айлчлалаар хоёр орны хоорондын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэн, хоёр улсын харилцааны асуудлаар санал солилцсон. Таны айлчлалын хүрээнд ямар асуудалд төвлөрч ярилцах вэ?
-Өнгөрсөн 5 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-д албан ёсны айлчлал хийснийг залгуулан миний бие ийнхүү Монгол Улсад айлчилж байгаа нь чухал ач холбогдолтой юм. Сөүл хотноо Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй хийсэн албан ёсны хэлэлцээгээр дамжуулан эрдэс баялаг, дэд бүтцийн хамтын ажиллагааны уламжлалт салбараас гадна мэдээлэл технологи, эрчим хүч, байгаль орчин зэрэг салбарт хамтын ажиллагааны хүрээгээ улам өргөтгөж, хоёр улсын харилцааны хөгжлийн суурь болох иргэд хоорондын болоод соёлын харилцааг улам бүр ахиулахаар тохирсон юм. Монгол Улсад хийж буй энэ удаагийн айлчлалаар өнгөрсөн хэлэлцээний үр дүнг дүгнэж, орчин үеийн эрчим хүчний шинэ үйлдвэрлэл, эрүүл мэнд, анагаах зэрэг хамтын ажиллагааны салбарыг төрөлжүүлэх, Монголын эрчим хүч, дэд бүтэц бүтээн байгуулалтын салбарт харилцан ашигтай хамтарсан төслийг хэрэгжүүлэх арга замын талаар зөвшилцөх болно. Мөн хөгжлийн хамтын ажиллагаа, иргэдийн болон соёлын харилцаа зэрэг бүхий л салбарт хоёр улсын Иж бүрэн түншлэлийн харилцааны агуулгыг баяжуулах тухай санал солилцох юм. Үүнээс гадна, Солонгосын хойг, Зүүн хойд Ази, олон улсын энх тайван, тогтвортой байдлын төлөө хоёр улсын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх тухай ярилцах төлөвлөгөөтэй байна.
-Дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа өргөжин, 370 сая ам.долларт хүрч, 100 дахин өссөнөөр БНСУ Монгол Улсын худалдааны дөрөв дэх түнш орон болсон. Цаашид хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд БНСУ, Монгол Улстай хэрхэн хамтарч ажиллах вэ?
-Монгол Улс нь дэлхийд байгалийн баялагаараа эхний 10-т багтдаг. Харин Солонгос улс нь дэвшилтэт технологи бүхий хүчирхэг үйлдвэрлэгч орон билээ. Энэхүү харилцан нэгнээ нөхөх эдийн засгийн бүтэц төдийгүй соёлын хувьд ч ойр байдаг учир хоёр улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх нөөц бололцоо бүрэн бий. Хоёр улсын хамтын ажиллагаагаар Монгол Улс нь үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлж, Солонгос улс эрдэс баялгийн хэрэгцээгээ тогтвортой хангах боломжтой болох юм. Тухайлбал эрчим хүчний нөөцтэй холбогдсон дэд бүтцийн салбарт хамтран ажиллах боломж их байдаг бөгөөд энэ удаагийн айлчлалаар цахилгаан станц, цахилгаан дамжуулах сүлжээ зэрэг эрчим хүчний дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа тодорхой үр дүнд хүрнэ гэж найдаж байна. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авахын тулд энэ чиглэлийн хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд нэн анхаарах хэрэгтэй гэж бодож байна. Нар, салхи зэрэг шинэ болон сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, байгаль орчинд ээлтэй эрчим хүчний хотхон байгуулах, цөлжилт болон шар шороон шуурганы эсрэг үйл ажиллагаанд тодорхой үр дүн гарна гэж найдаж байна. Миний хувьд дунд, урт хугацаанд Монгол, Солонгос хоёр улс Ази, Европын эдийн засгийн нэгдлийн үйл ажиллагаанд голлох үүрэг гүйцэтгэх ёстой гэж бодож байна. Солонгосын Евразийн санаачлагын зорилтын дагуу тээвэр ложистикийн сүлжээгээр Ази, Европ хоёр тив холбогдвол Монгол, Солонгос төдийгүй Евразийн орнуудын хөгжил дэвшилд том хувь нэмэр оруулах болно. Гэвч одоогийн байдлаар Умард Солонгосоос шалтгаалан Ази-Европ сүлжээ тасарсан байгаа ч уг асуудлыг шийдэхэд Монголын талаас идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг хүсч байна.
-Хоёр орны болон бүс нутаг, олон улсын тавцан дахь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх гол хөшүүрэг нь юу вэ?
-Монгол, Солонгос хоёр улс нь Зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хадгалах гэсэн нэгэн зорилттой билээ. Тиймээс бүс нутгийн болон олон улсын энх тайван, аюулгүй байдалд хувь нэмрээ оруулах гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй явж ирсэн.
Бүс нутгийн аюулгүй байдлын чухал асуудал болох Умард Солонгосын цөмийн зэвсэг болон Умард Солонгосын асуудал дээр ч хоёр улс Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангид байлгах, Солонгосын хойгийг энх тайвнаар нэгтгэхийг дэмжих адил байр суурьтай байдаг.
Манай Засгийн газраас Зүүн хойд Ази, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, нийтийн хөгжил цэцэглэлд хувь нэмэр оруулахын тулд “Зүүн хойд Азийн энх тайван, хамтын ажиллагааны санаачлага”, “Еврази санаачлага”-ыг хэрэгжүүлж байгаа бол Зүүн хойд Ази болон Төв Азийг холбосон геополитикийн чухал бүсэд байрлаж буй Монгол улс ч “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-гээр дамжуулан бүс нутгийн хэлэлцээ, хамтын ажиллагааг сайжруулахад хичээж байна.
Хоёр улсаас хэрэгжүүлж буй санаачлагууд харилцан нэгнээ нөхөж, бүс нутгийн итгэлцэлийг бий болгох, энх тайван, тогтвортой байдлыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулаасай гэж хүсч байна.
-БНСУ-д нэвтэрсэн олон туршилтууд манай улсад хэрэгжиж байна. Хамгийн сүүлд “U Money” картын үйлчилгээг нэвтрүүллээ. Цаашид бусад салбарт Өмнөд Солонгосын дэвшилтэт технологийг нэвтрүүлэх боломжийн талаар та юу хэлэх вэ?
-Улаанбаатар хотын иргэдийн хэрэглэж буй автобусны ухаалаг карт нь мэдээлэл технологийг тээврийн хэрэгсэлтэй холбосон Зам тээврийн дэвшилтэт систем(ITS)-ийн тод жишээ юм. Ингэж IT, шинжлэх ухааны технологийг эрчим хүч, эрүүл мэнд, төрийн захиргааны систем зэрэг олон салбартай холбосноор амьдралыг илүү амар хялбар болгох төдийгүй шинэ зах зээл нээж, шинэ ажлын байрыг бий болгох боломжтой юм.
Монголын байгаль орчны нөхцөл байдлаас харахад Солонгост идэвхтэй хэрэгжүүлж буй байгаль орчинд ээлтэй эрчим хүчний хотхон төсөл маш тохиромжтой санагдаж байна.
Малын бууц, хүнсний хаягдал зэргээс эрчим хүч, цахилгаан үйлдвэрлэж хэрэглэх, эсвэл Монголд арвин их нар, салхины эрчим хүчнээс цахилгаан гаргаж авч хэрэглээгээ ханган, мөн борлуулах боломжтой. Энэ удаагийн айлчлалаар энэ чиглэлийн хамтын ажиллагаанд тодорхой ахиц дэвшил гарна гэж найдаж байна. Үүнээс гадна мэдээлэл технологид суурилсан алсын зайн оношилгоо эмчилгээ, цахим засаглал(e-government) зэрэгт тодорхой хамтын ажиллагааны төсөл ажлуудыг хэрэгжүүлэх боломжууд бий. Мөн монголын оюутан залуучуудын мэдээлэл холбоог ашиглах чадварыг дээшлүүлэхийг дэмжиж монголын сургуулиудад солонгосын ICT төхөөрөмж, дижитал контент нийлүүлэхэд хамтран ажиллах тухай энэ удаагийн айлчлалаар ярилцах юм.
-Хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа жилээс жилд өргөжиж байна. Монгол Улсад БНСУ-ын эмч мэргэжилтнүүд эмнэлэг нээн ажиллуулж байна. Цаашид эрүүл мэндийн салбарт ямар ахиц гаргах боломжтой вэ?
-2011 онд “Монгол Улс-БНСУ-ын хооронд Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай тохиролцоо” байгуулснаас хойш монголын эмч мэргэжилтнүүдийг сургалтанд хамруулах болон эмчилгээ, солонгосын эмнэлгийн байгууллагууд монголын зах зээлд нэвтрэх зэргээр эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг тууштай өргөжүүлж ирсэн. Энэ удаагийн айлчлалаар хоёр орны Эрүүл мэндийн яам болон холбогдох байгуулагуудын хооронд алсын зайн оношилгоо эмчилгээ, эрүүл мэндийн даатгал, эм, эмийн бүтээгдэхүүн зэрэг олон салбарт хамтран ажиллах тухай тохиролцоо байгуулахаар төлөвлөж байна. Энэ нь уг салбарын хамтын ажиллагааг улам төрөлжүүлэхэд суурь болно гэж найдаж байна. Өргөн уудам газар нутагтай Монгол Улсад алсын зайн оношилгоо эмчилгээг оруулж ирснээр хөдөө орон нутагт ч эрүүл мэндийн хурдан шуурхай үйлчилгээг үзүүлэх боломжтой болж, солонгосын алсын зайн оношилгоо эмчилгээний загвар төслийн туршлагыг ашиглан хамтын ажиллагааны бодит, нүдэнд харагдахуйц үр дүнд хүргэхийг хүсч байна.
-Хоёр улс Солонгосын хойг дахь энх тайван, аюулгүй байдлыг хангахын чухлыг тэмдэглэж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгахад санал нэгдсэн. Бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлд хувь нэмэр оруулахад Солонгосын талаас ямар ажил өрнүүлэх вэ?
-Бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд хамгийн том заналхийлж буй аюул нь Умард Солонгосын цөмийн асуудал юм.Умард Солонгос энэ оны эхээр 4 дэх цөмийн туршилтаа явуулж, холын зайн пуужин харвасан бөгөөд үүнээс хойш 20-иод удаа өдөөн хатгах үйлдлээ давтсаар байна. Өдгөө ч Умард Солонгос олон улс даяар цөмийн зэвсгээс ангид байх тухай НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн тогтоолыг хүлээж авахгүй байгаа нь илэрхий байна. Энэ байдал нь Цөмийн зэвсэггүй статусын тухай Монгол Улсын тунхаглал мөн “Цөмийн зэвсэггүй дэлхий ертөнц Солонгосын хойгоос эхэлнэ” гэсэн миний үзэл санаатай ч зөрж байгаа юм. Солонгосын хойг, Зүүн хойд Азийн жинхэнэ энх тайван, хөгжил дэвшлийн төлөө дэлхийн олон улс даяар хамтран зүтгэж Умард Солонгосыг цөмийн зэвсэггүй байлгах, зөв өөрчлөлт рүү хөтлөх ёстой.
БНСУ-ын Засгийн газраас Умард Солонгосыг өдөөн хатгалтаа зогсоож, цөмийн зэвсэггүй замыг сонгохоос өөр сонголтгүй нөхцөл байдалтай болгохын тулд Монголоос авахуулаад бусад улс орнуудтай хамтран ажиллаж байгаа юм. Өдөөн хатгалт – Хэлэлцээ – Дахин өдөөн хатгалт гэсэн буруу урсгалыг тасалж Солонгосын хойгийн энх тайван нэгдлийн үндэс суурийг босгохоор зорьж байна. Солонгосын хойгийн энх тайван нэгдэл нь Солонгосын хойг, Зүүн хойд Ази болон дэлхий дахины энх тайван, хөгжил дэвшилд томоохон хувь нэмрийг оруулах юм. Энэ нь Зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хангахын төлөө хүч зүтгэж буй Монгол Улсын хичээл зүтгэлтэй зорилго нэг гэж бодож байна.
- Хоёр орны хоорондын соёлын ижил төстэй тал болон сэтгэлгээний талаас ойр дотно байдал нь талуудын нөхөрсөг харилцааны үндэс суурь нь болдог. Цаашид үүнийг улам илүү бэхжүүлэн хөгжүүлэх үүднээс одоогоор хоёр орны хооронд соёлын харилцааны чиглэлээр ямар бодит ажлууд хэрэгжиж байгаа вэ?
-Солонгосын соёлын урсгал Монголд дэлгэрэхийн зэрэгцээ хоёр улсын соёлын харилцаа хамтын ажиллагаа олон салбарт эрчимтэй явагдах болсон. Мөн хоёр талаас харилцан өөр өөрсдийн соёл заншлаа таниулах үйл ажиллагааг идэвхтэй явуулж ирсэн нь чухал ач холбогдолтой гэж бодож байна. Тухайлбал, энэ удаагийн айлчлалаар Монголд солонгосын түүх соёлыг таниулах зорилготой Солонгосын нэгдсэн мэдээллийн төвийг байгуулахаар болсон. Энэхүү мэдээллийн төв нь монголчуудын солонгосын талаарх хүсэл сонирхол дээр Монголын Залуучуудын Холбооны дэмжлэгтэйгээр бий болж байгаа юм. Солонгост ч мөн орон нутгийн засаг захиргааны хичээл зүтгэлээр Монголын соёлын хотхон, Монгол таун газрууд бий болсон бөгөөд солонгосчуудад монголын ахуй, соёлыг үзэж сонирхох боломжийг олгож байна. Цаашид манай Засгийн газраас монголын соёл заншлыг олонд таниулах, соёлын салбарын хамтын ажиллагаагаа дэлгэрүүлэхэд анхаарч ажиллах болно.Үүний хүрээнд энэ удаа соёлын өв, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын харилцаа, хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулах бөгөөд, өндөр үр дүнд хүрнэ гэж найдаж байна.