Дулааны эрчим хүчний хөнгөлөлтөд Алтай хотын 1974 айл өрх, 132 аж ахуйн нэгж хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-11-23 17:45:11

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Өнгөрсөн оны 12 дугаар сарын нэгний өдрөөс бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогийн төлбөрийг төр хариуцахаар болсон. 

Тэгвэл Говь-Алтай аймгийн Алтай хотын дулаан хангамжийн 90 гаруй хувийг хариуцагч “Мандал Голомт” ХХК 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 1974 айл өрх, 132 аж ахуйн нэгжид 573,191,200 төгрөгийн хөнгөлөлтийг олгосон байна.

“Мандал-Голомт” ХХК нь Алтай хотын ард иргэдийг халуун дулаан, тав тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөл бололцоог бүрэн ханган ажиллах, дэвшилтэт технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, ард иргэдийг дулааны эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах зорилгоор үйл ажиллагаагаа явуулж буй.

Тус компани нь 2006 онд үүсэн байгуулагдсан бөгөөд өдгөө Говь-Алтай аймгийн төвийн 132 аж ахуйн нэгж, 44 албан байгууллага 1974 айл өрхийг дулаанаар ханган үйл ажиллагаагаа явуулж байна. 2006 оноос өмнө аймгийн дулаан хангамж ямар байдалтай байсныг тодруулбал: 

• Аймгийн төвийн дулааны эх үүсвэрт тэр үед ВЗИУ-100, HP-54 маркийн 70-80-аад онд тавигдсан тогоонууд 6 эх үүсвэрээс галлаж байсан нь техник технологийн хувьд хоцрогдсон гар ажиллагаа ихтэй, ажиллах нөхцөл хүнд, аймгийн төв нь утаа ихтэй байв.

 • Шугам сүлжээний хувьд 60-70-аад оны үед ихэнх нь тавигдсан, цааш хэрэглэгч залгах техникийн боломжгүй болсон труба хоолой нь сувагжилт бараг байхгүй дулаалгагүй хуучирч муудсан байсан нь өвлийн улиралд шугам хоолой задрах, хэрэглэгчдэд шаардлагатай дулааныг өгөх боломж хязгаарлагдмал байдалтай байсан.

Дээрх нөхцөл байдлыг сайжруулах зорилгоор 2006 онд аймгийн төвд байх зуухнуудын эх үүсвэрийн тоог цөөлж 6 эх үүсвэр байсныг 3 эх үүсвэртэй болгож тэнд ОХУ-ын Гефест маркийн 2.5мвт хүчин чадалтай 5 зуух суурилуулж, 13150 метр хос дулааны шугамыг шинэчилж өргөтгөл хийснээр цаашид шинээр хэрэглэгч холбоход техникийн хувьд боломжтой болж дулаан хангамжийн чанар хүртээмж сайжирчээ. Харин 2008 оноос эхлэн зуухны хүчин чадлыг нэмэгдүүлэх, шугам сүлжээг өргөтгөх шинэчлэх ажлыг дэс дараатай авч хэрэгжүүлж ирлээ.

ОХУ-ын Бискийн котельний завод, БНХАУ-ын Урумч хотын зуухны үйлдвэр, Бугат хотын зуухны үйлдвэртэй холбоотой ажиллаж, гадаад харилцаагаа өргөжүүлэх арга хэмжээ авч хамтран ажиллаж байна. Дээрх хамтын ажиллагааг өргөжүүлснээр тухайн орнуудад ажиллаж байгаа орчин үеийн дэвшилтэт технологийн, хөдөлмөр хөнгөвчилсэн, автомат ажиллагаатай, зуух түүний тоног төхөөрөмжийг өөрийн хөрөнгөөр авчран суурилуулж үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Төв суурингийн дулаан хангамж нь эх үүсвэр дамжуулах шугам сүлжээ, хэрэглэгчийн нягт хамтын ажиллагаанаас ихээхэн хамаардаг бөгөөд эх үүсвэр, шугам сүлжээгээ бид өөрсдөө хариуцан хөрөнгө гаргаж шийдвэрлэлээ. Манай компаний одоогоор ашиглаж байгаа зуухнуудын суурилагдсан хүчин чадал 42.7 мвт, 36.7 гкал/ц байна. Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн дагуу: 

• Дулаан үйлдвэрлэх

• Дулаан түгээх

•Дулаанаар зохицуулалттай хангах гэсэн тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд нэгдсэн халаалтын 4 зуухтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.


相关新闻