Ази номхон далайн орнуудын Хөдөө аж ахуйн статистикчдын хурал болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-11-22 16:42:09
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ази-Номхон далайн орнуудын Хөдөө аж ахуйн статистикчдын 29 дэх удаагийн хурлыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээж үг хэллээ. 


Энэ сарын 22-25-нд зохион байгуулах тус хурлыг НҮБ-ын Хүнс, хөдөө ахуйн байгууллага болон Монгол Улс хамтран зохион байгуулж байгаа юм. Хоёр жил тутамд болдог энэ удаагийн хурал анх удаа цахим хэлбэрээр болж байна. Энэ удаагийн хурлаар байгаль орчин, мал амьтан, газар тариалан, ойн аж ахуй, загас, ан агнуур, хүнсний аюулгүй байдал зэрэг сэдвийн хүрээнд бодлого, шийдвэрт шаардлагатай тоон мэдээллийг тооцоход олон улсын туршлага, шинэлэг арга аргачлалыг хэлэлцэж байгаагаараа чухал ач холбогдолтой аж.


УИХ-ын дарга Г.Занданшатар хурлыг нээж хэлэхдээ, “Монгол Улсын Их Хурал хөдөө аж ахуйн салбараа шинэлэг, тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвартай, үр ашигтай, эрсдлийг даван туулах чиглэлээр анхааран ажиллаж байна. Үүнд, Хүнсний тухай хууль, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хууль, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг баталж, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд Төрөөс малчдын талаар болон Хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын баримт бичигт тусгасан.



Монгол Улсын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод Байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг эрхэмлэн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж, байгаль орчны тогтвортой байдлыг ханган үр өгөөжийг нь өнөө болон ирээдүй хойч үе хүртэх нөхцөлийг бүрдүүлж, хүний амьдралын чанарыг сайжруулах зорилт тусгасан” хэмээв. Мөн тэрээр уг чуулган бүс нутгийн хүнс, хөдөө аж ахуйн салбартай холбоотой хууль тогтоомж, бодлогын шийдвэр боловсруулахад шаардлагатай мэдээллийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.


Дөрвөн өдөр үргэлжлэх уг хурлаар оролцогчид цар тахлын энэ үед улс орон бүрд тулгамдаж буй асуудал, даван туулж байгаа сайн туршлага, Тогтвортой хөгжлийн зорилтын шалгуур үзүүлэлтийн тооцоолол, хөдөө аж ахуйн статистикийн шинэчлэл зэрэг сэдвээр мэдээлэл солилцох юм.

相关新闻