Н.Отгонцогт:Алтанбулагчууд хилийн зурвас, ойн чөлөөнд ажиллаж, амьдардаг онцлогтой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг
дарга Н.Отгонцогттой уулзаж, сум орон нутагт өрнөж буй ажил үйлсийнх нь талаар
хөөрөлдлөө.
-Хувьсгалын өлгий нутгаар сонин юутай байна. Цаг үеийн
ажил болоод өвөлжилтийн бэлтгэл ажил ямар байна даа?
-Манай
Алтанбулаг монгол орны хоймор нутаг болсон Сэлэнгэ аймгийн хилийн боомт, хойд
хилд байрладаг онцлогтой сум. Өнөөдрийн байдлаар 4800 гаруй хүн амтай, 64
мянган толгой малтай, 210030 га нутаг дэвсгэртэй. Энэ жил манай сум 8700 га-д
тариалалт хийсэн. Дунджаар 10ц ургац хураан авсан байгаа. 5400 га-д үр тариа,
55 га-д төмс, 36 га-д хүнсний ногоо, 3300 га-д тэжээлийн ургамал тарьсан. Ургац
хураалтын ажил үндсэндээ дууссан. Энэ жил сумын хэмжээнд нийтдээ 17 иргэн, ААН тариалалт
хийсэн. 4200 тонн ургац хураан аваад байна. Сумын хувьд хүнсний ногоо
харьцангуй өндөр ургацтай байгаа. Манай сум 64 мянган толгой малтай. Дийлэнх нь
хөдөөгүүр байдаг. 200 гаруй малчин өрхтэй. Энэ 64 мянга бол 2020 оны жилийн
эцсийн тоо. Энэ жил 75 мянган толгой мал өвөлжихөөр тооцоо гарсан. Манайд 1-2
мянгат малчин ч бий. Бусад сумдын адил малын тоо толгой хэт ихсэж, бэлчээрийн
даац хэтэрсэн асуудал тулгамдсан хэвээр байна. Ойн сангийнхаа газрыг оруулаад
83-хан мянган га бэлчээртэй. Энд 30 мянган толгой мал багтах тооцоотой. Өнөөдрийн
байдлаар тооцоо хийж үзэхэд манай сум 2-3 дахин малын тоо толгой нэмэгдсэн
байгаа. Малын тоо толгойг зохистой барихгүй бол ерөнхийдөө хадлан хадах талбай
алга. Манайх чинь хилийн боомт, зурвас газар ихтэй. Нутаг дэвсгэрийн 3/2 нь
хилийн зурваст ордог. Тэгээд 44 мянган га нь Тужийн нарсны тусгай хамгаалалттай
бүсд орчихдог. Алтанбулагчууд хилийн зурвас, ойн чөлөөнд ажиллаж амьдардаг онцлогтой. Манайх энэ
жил 6000 м3 галын түлээ бэлдсэн. Энэ бол хангалттай. Айл өрхүүд ч түлээ нүүрсээ
зэхсэн байгаа.
-Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хэр өрнөж
байна?
-Энэ
жилийн хувьд манай сум ерөнхийдөө орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 120
сая төгрөгийн ажил хийхээр төлөвлөсөн. Монгол орны үүд хаалга болсон, хилийн
бүс нутаг учраас өнгө үзэмжийг нь сайжруулах, хөгжих ёстой. Иймээс сумын Засаг
даргын үйл ажиллагааны хөтөлбөр, сонгогдсон Ардын намын хөтөлбөрт ч тэр
Алтанбулагийг жишиг сум болгоно гээд заачихсан байгаа. Жишиг сум болоход ямар
хэмжээнд байх, цаашлаад шаардлагатай зураг төсөв хэрэгтэй байдаг юм байна. Бид энэ
зураг төсвөөсөө ажлаа эхэлж байна. Мөн орон нутгийн хөгжлийн сангийн 50 сая
төгрөгийн хөрөнгөөр сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж, зураг
төсвийн ажлын компанийг шалгаруулчихсан. Улаанбаатар хотын Ландовнер гэдэг
компани энэ сумын хөгжлийн төлөвлөгөөний зураг төслийг хийхээр гэрээ байгуулаад
байна. Мөн манай сумын тухайд хамгийн эрсдэлтэй, шүдний өвчин болсон асуудал бол
дулааны уурын зуух. Манай уурын зуух маш их хуучирсан, 1970 онд баригдсан. Иймээс
шинэчлэх, засвар үйлчилгээ хийх нэн шаардлагатай. Өнгөрсөн жил намайг ажил
авсанаас хойш гэхэд л тогоо нь 20-30 удаа хагарсан. Их ч хүнд өвөл болсон. Тэгээд
он гарсаар би аймгийн Онцгой комисс, аймгийн Засаг дарга руу сум хөлдлөө,
бидэнд тус дэм өгөөчээ гэж олон удаа бичиг цаас шидэж, олон удаа очиж өөрийн биеэр
уулзсан. Ингэж хөөцөлдөж явсаар аймгийн төсвийн тодотгол дээр энэ ажилд зориулж
100 сая төгрөг тавьж өгсөн. Манай уурын зуухыг аймгийн “Сэлэнгэ Энерго”
ОНӨААТҮГ хариуцан ажилладаг юм. Ерөнхийдөө уурын зуухны өмч нь хувьд оччихсон. Харин
үйл ажиллагааг нь мэргэжлийн байгууллага хариуцан ажилладаг тогтолцоотой. Энэ жил
ч гэсэн хариуцаад явж байна. Энэ уурын зуухны шинэчлэлтийн зураг төсвийн ажлыг орон нутгийн хөгжлийн сангийн 20 сая төгрөгөөр
хийлгэхээр Улаанбаатар хотын “Содон шийдэл” компанитай гэрээ байгуулсан. Зураг төсвийн
ажил хийгдэж байна. Мөн ирэх жил жишиг сум улсын төсөв дээр 4 тэрбум төгрөг тусгагдаад
2022-2023 онд хийгдэнэ гээд тавигдсан байна лээ. Ирэх жилийн ажил бол 1 тэрбум 185
сая төгрөгийн ажил бий. Энэ мөнгөнөөс нэн түрүүнд уурын зуухаа шинэчилж барих ажил
хийгдэнэ. За тэгээд сумын дайвар жижиг ажлууд олон бий. Тухайлбал цэцэрлэгүүдэд
тоглоом авах ажил хийгдээд дууссан. Аймгийн замын сангийн хөрөнгө 32.5 сая
төгрөг тусгагдсан. Үүний 16 сая төгрөгөөр сумын төвийн гэрэлтүүлгийг бүгдийг нь
солиод, засвар үйлчилгээ хийж, шинэчлээд тавьсан. Энэ ажлын тендерт шалгарч
хийсэн компани маань гүйцэтгэл сайн хийсэн. Одоо сумын төв доторхи 1 км асфальтан
замыг нөхөх, мөн сургуулийн дотор талбайн явган хүний замыг 16 сая төгрөгөөр
хийж дуусгалаа. Аймгийн орон нутгийн сангийн хөрөнгө оруулалтаар 100 сая
төгрөгийн төсөв тавигдсан. Энэ ажлын хүрээнд сумын 1-р болон Булгийн гудамжны
айлуудад дулааны шугам татах ажил хийгдэж байна. Энэ ажлыг манай аймгийн “Сэлэнгэ
Ундрам” компани хийхээр тендерт шалгараад ажлаа эхлээд явж байна.
-Танай суманд хувь хүмүүс, байгууллага, хамт олны дэм
зүтгэлээр бас бүтээн байгуулалтын ажлууд нэлээд хийгдсэн гэсэн. Сум орон
нутгийн зүгээс тэдгээр хүмүүстэй хэрхэн уялдаж ажиллав?
-Тийм
шүү. Иргэд, хамт олны хандив тусламжаар энэ жил орон нутагт бүтээн байгуулалт,
хөрөнгө оруулалтын ажлууд хийгдсэн байгаа. Тухайлбал Алтанбулаг сумын ХААТК-ыг
төгсөгчдийн холбоо гэж байгуулагдсан. Энд 1950-иад оноос 1995 он хүртэл Алтанбулагийн
ХААТК үйл ажиллагаа явуулж, 10 мянга гаруй оюутан сурагчдыг төгсгөн гаргасан
сайхан сургууль байсан. Монгол орны өнцөг булан бүрт ХАА-н мэргэжилтнүүд бэлтгэгдэн
ХАА, агротехник, зоотехник, малын эмч, сүүний технологи гээд маш олон
мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэн гаргадаг байсан. Энэ сайхан сургууль маань зах
зээлийн ороо бусгаа цагаар байхгүй болж, татан буугдсан. Энэ сургуулийн
төгсөгчид нийлж, тэр залуу зандан сайхан цагаа дурсаж, манай суманд ямар нэгэн
бүтээлч зүйл хийж үлдээе гэсэн санал санаачилга гарган бидэнтэй уулзсан. Үүнийг
бид дэмжээд сумынхаа Ардын хувьсгалын музей байрладаг газрын өмнөх талбайг
шийдэж өгч, тэнд ногоон байгууламж байгуулах санал тавьсан. Үүнийг маань
дэмжээд энэ хүмүүс 80 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ногоон байгууламж
байгуулсан. Тэнд 2000 гаруй мод, бут, сөөг тарьсан. Мөн дурсгалын цогцолбор
хөшөө байгуулж, гэрэлтүүлэг хийж суманд хүлээлгэн өгсөн. Мөн ковидын үед “Нартайн”
компани 10 сая төгрөг хандивласан. Б.Ринчен гуайн нэрэмжит сургуулийн 100
жилийн ой ирэх жил болно. Түүнд зориулж хэд хэдэн ангийг ухаалаг анги болгох
зорилготой ажиллаж байгаа. “Гацуурт” компаниас монгол хэлний кабинетыг 16800 мянган
төгрөгөөр ивээн тэтгэж, тоног төхөөрөмжийн мөнгийг нь шилжүүлсэн байгаа.
-Дэлхий нийтийг донсолгосон халдварт цар тахалтай хамгийн
түрүүнд нүүр тулсан, бас айдас хүйдэс дунд байсан сум бол танайх. Энэ байдлыг
хэрхэн давж гарав. Өнөөдөр цар тахлын тархалт танай суманд хэр байна. сумын
Онцгой комисс хэрхэн ажиллав?
-Дэлхий
нийтээр тархаад байгаа цар тахалтай холбогдуулаад хэлэхэд Алтанбулаг сум бол
монгол оронд, дэлхийд, Хятад улсад ковид гараад иргэд ОХУ, европоор дамжаад нутаг буцахад хамгийн
түрүүнд ковидын эрсдэлтэй тулгарч ирсэн. Бусад аймаг, сумдад энэ асуудал
яригддаггүй байхад манай суманд яригдаж, ноднингийн 3-р сараас эхлээд л тулгарч
эхэлсэн. Тухайн үед бид энэ ЗДТГ-ын байраа чөлөөлөөд ОХУ-аас орж ирж байгаа
иргэдийг тусгаарлах байр болгон ажиллаж байсан. Төр төсвийн байгууллагын алба
хаагчид бүгдээрээ эргүүлд гарч, хяналтын цэгт ажилласан. Манай сумын тухайд одоогийн
байдлаар 4800 гаруй иргэдээс 380 гаруй иргэн ковидын халдвар авч эдгэрээд
байна. Ерөнхийдөө Сэлэнгэ аймгийн сумдтай харьцуулахад манайх ковидын халдвараар
өвдсөн иргэд харьцангуй бага, 8 хувьтай байна. Бусад сумд 10 түүнээс дээш
хувьтай байгаа. Энэ маань сумын Онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй бодлого их
зөв, оновчтой байна гэж харж байгаа. Манай сум чинь бусад сумдтай харьцуулахад
тийм хөдөлгөөн багатай сум биш шүү дээ. Хэдийгээр хил хаалттай гэж байгаа
боловч олон улсын ачаа тээврүүд, Улсын Онцгой комиссын зөвшөөрлөөр хил рүү
хүмүүс орж, гарч байна. Алтанбулагт байгаа Чөлөөт бүс маань хэвийн ажиллаж
байна. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гээд бусад хот, аймаг, сумдаас хүмүүс ирж
үйлчлүүлж байна. Хөдөлгөөн нээлттэй байна. Үндсэндээ Алтанбулаг сум ковидтой
тэмцэхэд эрвийх дэрвийхээрээ ажилласан. Одоо ч боломжоороо ажиллаж байна. Хүн
амынхаа 50-иас дээш хувийг дархлаажуулалтад 3-р тундаа хамруулсан. Одоо улсын
хэмжээгээр 3-р тунд хамрагдах сарын аян зарласан явж байна. Манайх
дархлаажуулалтад хамрагдалтаараа аймгийн хэдэн сумдаас дээгүүрт л явж байгаа. Ингэж
хамрагдсанаар бид халдвараас сэргийлэгдэж байна.
-Сумын удирдлагын зүгээс хилийн боомттойгоо хэр уялдаа
холбоотой ажиллаж байна. Хэд хоногийн өмнө сумын төвийн авто замыг тийрүүд хааж
зогссон. Иргэдийн зорчих үйл ажиллагаанд хүндрэл учраад байгаа талаар асуудал
гараад байсан. Энэ талаар?
-Сая
10-р сарын 15-наас хойш УОК-ийн шийдвэрээр толгой солих биш олон улсын ачаа
тээвэр хилээр нэвтрэх шийд гарсан. Өмнө нь 2021 оны 3-р сарын 15-наас энд
толгой солих журмаар явж ирсэн ш дээ. Өөрөөрхэлбэл монголын тээвэрчид манай энэ
хилийн улаан бүс рүү ороод тэндээсээ оросоос орж ирсэн чиргүүлээ аваад эргээд
нутгийн гүн лүү явдаг байсан. Тэр тохиолдолд бид эндээ тээвэрчдэд талбай засаж
өгөөд тэнд нь байрлуулаад, тэндээс нь цагдаагийн хяналт дор, нэгдсэн журмаар
тээвэрчдийг хилийн боомт руу оруулаад тээврээ зохицуулаад явж ирсэн. Бид хилийн
боомттой бас уялдаатай ажилладаг. Ингэж явж байхад дарааллын ачаалал үүсэхгүй
байсан. Гэтэл сая 10 сарын 15-наас толгой солихгүй явдаг болсон цагаас ачаалал
үүссэн. Учир нь урд хил хаалттай байгаагаас үүдэн тэнд ажиллаж байсан тээвэрчид
энд ажиллахаар ирсэн учраас ингэж очер дараалал үүсээд байна л даа. Сумын Онцгой
комисс хуралдаад нөхцөл байдлыг ярилцан шийдвэр гаргасан. Тухайлбал манай
чөлөөт бүс орж байгаа түр гарцан дээр буюу цаашаа эргээд явдаг хилийн боомт
хүртэл дарааллыг тасдаад үлдсэнийг нь урд байгаа хяналтын цэг дээр байруулахаар
болсон. Ингэснээр дараалал үүсэх, төв замыг хаах асуудалгүй болсон. Сумын төв
маань ганцхан төв замтай, үүнийг хаах юм бол явган зорчигч, хүүхдүүд, жижиг
тэрэгний хөдөлгөөнд саад учирч, осол гарах магадлал өндөр байсан. Үүнийг цагдаагийн
байгууллагатай хамтарч хяналт тавин зохицуулсан. Гаднаас Алтанбулаг руу орж
ирдэг замд хяналтын цэгийг ковидын үед сум орон нутгийн дотоод нөөц бололцоог
ашиглаад байгуулсан юм. Тэндээ бид өвөлжөөд, хаваржаад, зуссан. Одоо ч хэрэг
болж л байна. Тэндээ цагдаа нараа, хяналт тавьж буй алба хаагчдаа байрлуулж
байна. Одоо тэндээ халаалтын асуудлыг шийдвэрлээд бас ажилд оруулж байна. Цагдаа
нарын нийгмийн асуудлыг шийдэж өгөхгүй бол болохгүй. Машинтай нь байлгаад байж
болохгүй шүү дээ. Одоо цэгцтэй болсон. Цагдаагийн хяналт дор явж байна. Орон нутагт
ний нуугүй ярихад шатахууны зардал маш хүнд байдаг. Өдөрт 10 л гээд бодоход
сард маш их тоо гарна. Манай ЗДТГ-ын шатахууны төсөв гэхэд л сардаа 800 мянга ш
дээ. Үүгээр бүхэл бүтэн сумын сарын ажил үйлчилгээг зохицуулна гэдэг хүнд. Тэгээд
дээрээс нь энэ босоо удирдлагатай хяналтын байгууллага, цагдаагийн ажил
үйлчилгээг бид дэмжихгүй бол болохгүй шүү дээ. Тал талд л юм байна. Бүгдийг зохицуулаад
ажиллаж байгаа. Хил хамгаалах байгууллагатай хамтарч ажилладаг. Яалт ч үгүй
манай нутаг дэвсгэр хилийн бүс нутаг учраас. Манай суманд хилийн 5 застав байрладаг.
Хилийн 0243-р ангийн 3, ХЦ-ийн 0101-р ангийн 2. Эд нартай хамтарч ажиллана. Сумын
дарга бол хил хамгаалах туслах хүчний гишүүн гэж явдаг. Иймээс асуудлаа хамтарч
шийддэг.
-Танай сумын иргэдийн хувьд хил дагасан жижиг бизнес
эрхэлж амьдрал амьжиргаагаа залгуулдаг онцлогтой. Ковидын улмаас бүтэн 2 жил шахам
хил хаагдлаа. Эдгээр иргэд маань яаж амьжиргаагаа залгуулж байна. Орон нутгийн
зүгээс ямар арга хэмжээ авч байна?
-Манай
сумын тухайд хилээр орж, гарч орлого олж амьдралаа залгуулдаг 500-гаад өрхийн 200
гаруй иргэн байдаг. Өнгөрсөн жилийн 3-р сараас хил хаагдсан. Энэ үеэс эхлэн
эдний амьдрал маш хүнд болсон. Тодорхой эрхэлсэн ажилгүй, орлогогүй болсон
гэсэн үг. Өнгөрсөн өвөл суманд хандивын аянгууд өрнөсөн л дөө. Сумын төр
төсвийн 200 гаруй алба хаагчид өөрсдийн боломжоороо 2 сая гаруй төгрөгийн
мөнгөн хандив цуглуулж дэм тус үзүүлсэн. Бусад хувийн хэвшлийн байгууллагууд ч
бас оролцсон. Одоо харин Чөлөөт бүс нээгдсэнээр дээрх иргэдэд бас нэг боломж
гарч ирээд байна. Чөлөөт бүсд ихэвчлэн архи, соёлын бараа, чихэр худалдан борлуулдаг.
Энэ иргэд маань бараа худалдан авч гадаа хүмүүст гаргаж өгөх ажилд орчихсон
ажиллаж байна. Чөлөөт бүсээс онцгой татвартай бараа болох архийг худалдан авахад
нэг хүнд 2 л-ийг зөвшөөрдөг. Улаанбаатар болон бусад хот, аймгаас ирсэн ченжүүд
1 л архийг 3-5 мянган төгрөгөөр гаргуулж авдаг юм байна. Ингээд нэг хүн өдөрт 2
л архи гаргаж өгч 6000 төгрөг олж, амьдралаа залгуулж байна. Одоо энэ чөлөөт
бүсрүү орох очер их байгаагийн нэг шалтгаан нь энэ. Явганаар, машинтай ч очер
их байна. Гадна дотноос ирсэн хүмүүс захиж авдаг. Нэг их бизнес гэх нь хаашаа
юм өдрийн хоолоо л залгуулахын тулд ингээд явж байна.
АНХАН ШАТАНД АЖИЛЛАЖ БАЙГАА БИД НАР ХҮНДРЭЛТЭЙ АСУУДАЛТАЙ
НЭЛЭЭД ТУЛГАРЧ БАЙНА
-Сум орон нутгийн тухайд тулгамдсан асуудал юу байна. Танай
сум харьцангуй Сүхбаатар сумыг бодвол газар нутаг өргөн дэлгэр байх аа?
-Энэ
жил харьцангуй дэлгэр сайхан зун боллоо. Хадлан өвсний маргаан гарсангүй. Жил бүр
ийм сайхан байхгүй. Дахиад л асуудал гарна. Иймээс малынхаа тоо толгойд таарсан,
бэлчээрийнхээ даацад тохирсон бодлого барих ёстой. Бид сумынхаа хуралд малынхаа
тоо толгойг 2 дахин бууруулах асуудал оруулна. Ингэхээс өөр арга байхгүй. Малчид
бол харьцангуй сайхан амьдарч байна. Цаг сайхан байсан учраас өвч тэжээлээ
хангалттай сайн бэлдэж авсан. Сэлэнгэ аймгийн тухайд Монгол Улсын засгийн
газраас эрчимжсэн МАА, газар тариалангийн бүс нутаг гээд зарлачихсан. Гэвч энд
тодорхой заалтуудыг тусгаж өгөөгүй. Тухайлбал ийм бүс нутагт малын тоо толгойг
хэд байлгах, малчин өрх нь хичнээн малтай байх юм. Суурин мал аж ахуй эрхлэх юм
уу үгүй юм уу гэх зэрэг нарийн зааж өгсөн байх хэрэгтэй. Малчдын хувьд нэг
талаас хилийн зурвас, нөгөө талаас тариалангийн талбай шахчихдаг. Мөн нөгөө
талаас нь ойн сан буюу тусгай хамгаалттай газар шахчихна. Эндээс харахад мал
байх ямарч боломжгүй нутаг дэвсгэр харагдаад байдаг. Малчид тариаланчид
хоорондоо маргах нь хэвээрээ. Намрын тариа хураалтын үеэр малчид, тариаланчдын
зөрчил хурц болдог. Хөлсөө дуслуулж тарьсан ногоо, тариа руу нь мал орно. Мал сүрэг
нийгмийн өмч, үндэсний баялаг гээд тариаланчдыг орхиж болохгүй. Мөнгөө урсган
байж тарьсан тариаланчдыг бас орхиж болохгүй. Энэ асуудлыг шийдэхгүй бол
болохгүй. Хаа хаагүй. Аймаг орон нутгийн зүгээс дорвитой шийдвэр гаргахгүй бол анхан
шатанд ажиллаж байгаа бид нар хүндрэлтэй асуудалтай тулгарч байгаа юм. Энэ талаар
бодлого шийдвэр оновчтой биш учраас асуудал байгаад байгаа юм. Иймээс аймгийн
ИТХ, орон нутаг тодорхой бодлого, шийдвэрийг гаргаасай гэж хүсэж байна. Улсын
гаргасан бодлого шийдвэр бол угаасаа тодорхой болсон. Хөдөө орон нутаг нь өөрөө
шийдэг гээд хаясан.
-Үе үеийн Засаг дарга нарын бүрэн эрхийн хугацаанд Алтанбулаг
сумын хөгжил муу байгаа талаар шүүмжлэл дагуулсаар ирсэн. Алтанбулаг
хөгждөггүйн шалтгаан юу вэ?
-Алтанбулагийн
чөлөөт бүсийг хөгжүүлснээр сум дагаж хөгжинө гэсэн хүлээлттэй, горьдлоготой 20
гаруй жилийг үдсэн. Өөрсдөө л зүтгэж, сумаа хөгжүүлэхгүй бол болохгүй гэдгийг
ойлголоо. Одоо нэн түрүүнд тэр жишиг сум хөтөлбөрийн хүрээнд далайцтай ажиллая
гэж бодож байна. Мөнгөний ханшны уналттай холбоотой 4 тэрбум төгрөг батлагдсан байна.
Одоо тэгэхээр хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх болж байна. Аятайхан шиг зарцуулаад
сум орон нутагтаа зарцуулчих юмсан. Хамгийн түрүүнд энэ эрсдэлтэй тулгамдсан
асуудлуудыг шийдэх юмсан гэж бодож байна. Цаашлаад манайх сум доторх 3.6 км
замаа засна гээд хөтөлбөртөө оруулсан байгаа. Хэдийгээр бид зураг төсвөө
хийгээд аймаг руу явуулсан ч гэсэн төсөвтөө сууж зарим нь батлагдаагүй байна. Манай
сум чинь төвлөрсөн бохирын системгүй сум шүү дээ. Үүнийгээ шийдэх гээд Ерөнхий
сайдыг ирэх үеэр аймгийн Засаг даргаар холбогдуулж байгаад сумын төвийнхөө
бохирыг төвлөрсөн бохиртой холбуулах талаар 650 сая төгрөгийн төсөв батлуулсан.
Урд нь манайх 2016-2020 оны үед 380 сая төгрөгөөр цэвэрлэх байгууламж барьсан. Үүнийг
шугамтайгаа холбох гэтэл буруу дутуу хийгдсэн гэдэг үүдээс шугамаа шинэчлэх
шаардлага гарсан. Үүнийг тусгуулсан. Одоо бид үндсэндээ дэд бүтцийн асуудлаа л
бүрэн шийдэж дуусгах гээд байна. Дэд бүтцээ шийдэж байж дараагийн гоё юмаа
ярихгүй бол болохгүй юм билээ. Ерөнхийдөө жишиг сумын гол шийдэх ажил нэн
түрүүнд дэд бүтэц байдаг юм билээ.
-Залуу удирдагчийн хараа хурц байгаа байх. Ерөнхийдөө
хөгждөггүй тодотголыг олон жил зүүсэн сумын хөгжлийн гарцыг хэрхэн төсөөлж харж
байна вэ?
-Алтанбулаг
бол ардын хувьсгалын өлгий нутаг. Түүхэн дурсгалт газрууд ихтэй. Эднийг засаж сэлбэх
санал санаачилга гаргасан. Би дарга болсон үеэсээ энэ ардын түр засгийн анхны
байр байсан 100 жилийн түүхтэй энэ байрны зураг төсвийг сэргээн засья гээд 500
сая төгрөгийн зураг төсөв хийлгээд бариад явсан. Авах газар байхгүй сууж байна.
Дахиад бас манай суманд монгол банкны түүхэн барилга байж л байна. Түүнийг
монгол банкинд өгчихсөн. Тэднийг хэзээ засах бол гээд хараад л сууж байна. Сэлэнгэ
аймаг аялал жуулчлалын бүс нутаг болох юм бол энэ сумаар ирж ардын хувьсгалын
түүхэн дурсгалуудтай ирж танилцана, үзнэ. Үүнийг би яваандаа Алтанбулаг сумын
хөгжлийн гарц гэж харж байгаа. Энэ бол ирээдүйн хөгжлийн гол гарц. Ингэж харж
байгаагийн гол учир шалтгаан бол нэгдүгээрт Ардын хувьсгалын өлгий. Хоёрдугаарт
хилийн боомт сум. Үүгээр л манай сумын ард иргэд орлого олж, хоолоо авч идэх
бололцоотой. Тэгэхээр аялал жуулчлалын бүс нутаг буюу аялал жуулчлал хөгжих бололцоотой
түүхийн дурсгалт зүйлсээ, байшин барилгаа сэргээн засаад, хүнд үзүүлдэг болгох.
Бас хилээр дамжаад ороод гараад явж байгаа хүмүүс ирж түүнийг үзээд манай
дэлгүүр хоршоогоор үйлчлүүлээд явахад энд мөнгө нь үлддэг болно. Ийм боломжийг
харж байна. Яагаад гэвэл манай сум бусад
сумдын адил байгалийн дагалдах баялаг, ашигт малтмал гэж байхгүй. Сумын орон нутгийн
хөгжлийн санд 100 сая төгрөг л ордог. Тэгэхэд Ерөө мэт дагалдах баялагтай, орд
газартай сумдад 2 тэрбум төгрөг сумын хөгжлийн санд өгдөг гэж дуулсан. Манайд бол
тийм юм байхгүй. Бидэнд байгаа давуу тал бол байгалийн үзэсгэлэнд газрууд,
түүхийн дурсгалт зүйлс, хилийн худалдаа, Ардын хувьсгалын өлгий нутаг. Үүнийгээ
л дагаж бид хөгжих учиртай. Ингэхийн тулд бид одоо байгаа иргэдийнхээ амьдрах
ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлж өгөхийн тулд дэд бүтцийг нь шийдэж өгөх
хэрэгтэй. Тэгж байгаад дараагийн ээлжинд тэр сэргээн босголтуудыг хийе гэсэн
санаа бодолтой байна. Мөн Салдат толгойгоо тохижуулья, сэлэмт хөшөөгөө өөд нь
татья, дөрвөлжин сүмээ сайхан болгоё, түр засгийн газрын байраа сэргээе гэсэн
бодолтой байгаа. Манайд чинь бас “Хонд”, “Гүннуур” гээд үзэсгэлэн бүрдсэн,
байгалийн сайхан цогцолсон амралтын газрууд байна. Мөн Чингис хааны түүхтэй
холбоотой, Монгол Улсын их хаан болох эх суурь нь энд тавигдсан, анхны ялалт
байгуулсан “Буур хээр”-ийн тал байна. Мөн аймгийн брэнд гээд байгаа “Сайханы
хөтөл” чинь манай сумын нутаг. Энэ мэт Алтанбулагтай холбоотой их сайхан
газрууд, түүхэн дурсгалууд их байна. Үүнийг сэргээгээд хөгжүүлээд ирэх юм бол
сум орон нутаг хөгжих ирээдүй харагдаж байна гэж би боддог юм. Нэгэнт сэргээн
босгоод өөд нь татаад авах юм бол насан үүрдийн том, шавхагдашгүй хөрөнгө болж
үлдэнэ. Манай энэ баялаг бол шавхагдашгүй баялаг. Байгалийн баялаг бол
шавхагддаг баялаг. Үүгээрээ том ялгаа харагдаж байгаа юм.
-Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Миний
хувьд дэлхий нийтэд тархсан цар тахлын хүнд үед ажлаа авсан. Гэвч хүнд гэж
халшрахгүй, сэтгэл зүтгэлээ гарган зориод ажиллаж байна. Мэдээж сум орон
нутгийн хөгжлийн төлөө ажиллах нь тодорхой. Ингээд манай суманд тулгамдаад байгаа
асуудлыг манай аймгийнхан, УИХ-ын гишүүд дэмжээд хамтраад ажиллах юм бол сум
хөгжинө. Мөн шат шатандаа анхаарч 7
хэмжиж нэг огтол гэдгээр улсын төсвийн 4 тэрбум төгрөгөө
зарцуулна даа. Жижиг сум улсын төсөвт найдахгүй бол хэцүү байна. Сэлэнгийн брэнд
Ардын хувьсгалын өлгий Алтанбулаг шүү дээ. Хамгийн түрүүнд Сэлэнгэ лүү орж ирж
буй урсгал Алтанбулаг руу орж ирдэг. Иймээс хамгийн анхны Монголын төсөөлөл
манай сумаас эхэлнэ.
Энэ
зөвхөн Алтанбулаг сумын асуудал биш. Монгол орны хойд хаалга. Энэ сум өнгөтэй
өөдтэй байж, монгол орны нүүр царай болж, Монгол Улс гэрэл гэгээтэй харагдана. Иймээс
бүгдээрээ хамтарч ажиллая. Сум орон нутгаас хүргүүлсэн санал, ажлуудыг сайхан
дэмжээрэй, ард иргэд маань бас сум орон нутагтайгаа хамтарч ажиллаарай гэж
хэлье дээ.
-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.