Төсвийн төслийг өргөн барилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-11-19 16:51:52
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Монгол Улсын Төсвийн тухай хуульд заасны дагуу тухайн жилийн төсвийн төслийг жил бүрийн 11 дүгээр сарын 20-ны дотор Төрийн аудитын байгууллагад хүлээлгэн өгөх ёстой байдаг. 

Өнөөдөр Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч С.Батжаргал болон холбогдох албаны хүмүүс хуулийн хугацаанд нь 2022 оны аймгийн төсвийн төслийг өргөн барилаа. Жилийн төсвийн төслийг төлөвлөхдөө Эрдэнэт хүн, Эрдэнэт хот, Эрдэнэт хүч гэсэн үндсэн концепцдоо тулгуурлан, цар тахлын улмаас үүссэн эдийн засгийн хүндрэлийг бууруулах, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэн хийж гүйцэтгэжээ. 

Ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрийн нийт зардалд 62,9 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Үүнд он дамжих болон  шинээр хийх хөрөнгө оруулалт бусад төсөл хөтөлбөрийн зардлуудыг тусгасан байна. 

Мөн цар тахлын эрсдэл буураагүй энэ цаг үед коронавирусний эмчилгээнд зарцуулах хөрөнгийг тусгажээ. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль”-ийн өөрчлөлтөөр аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татварын 40 хувийг аймаг, нийслэлийн төсөвт төвлөрүүлдэг болсон. Үүний дагуу УИХ-ын намрын чуулганаар Орхон аймгийн төсвийн суурь орлогыг 141 тэрбум төгрөгөөр, төсвийн нийт орлогыг 155,7 тэрбум төгрөгөөр баталсан байна. 

相关新闻