Турк зохиолчдын ном бүтээлийг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-11-19 15:32:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Нэпко кидс" хүүхдийн номын хэвлэлийн газар Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Турк хүүхдийн зохиолын өдөр” өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа.


Энэхүү өдөрлөг турк хүүхдийн зохиолын онцлогийг олон нийтэд таниулах замаар Туркийн соёл, түүний өгөөжийн талаарх хүүхдүүд болон эцэг, эхийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой.

Өдөрлөгт Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш гэргийн хамт оролцож “Турк үлгэрээс би юу сурсан бэ” сэдвээр "Номт наран" сургуулийн сурагчидтай чөлөөт ярилцлага хийсэн юм.


"Нэпко кидс" хүүхдийн номын хэвлэлийн газар Монголын хүүхдийн номын орон зайг нөхсөн чанартай бүтээлийг орчуулан, хэвлэж залуу уншигчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх чанартай агуулгыг бий болгох, монгол зохиолчдын болон монгол хүүхдүүдийн туурвисан бүтээлийг олон улсын зах зээлд гаргах зорилгоор 2018 онд байгуулагджээ. Одоогоор өөрийн улсын болон олон улсын зохиолчдын 90 орчим номыг эрхлэн гаргаад байна.


"Нэпко кидс" хүүхдийн номын хэвлэлийн газар болон Турк улсын зохиолч, хэвлэлийн газруудын хамтын ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсын Соёл, Аялал жуулчлалын яамны TEDA төслийн хүрээнд орчин үеийн Туркийн хүүхдийн зохиолыг монгол уншигчдынхаа гарт хүргээд буй юм. Мөн “КОВИД-19” цар тахлын талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Тагнуулч Одко вирустэй тэмцсэн нь” монгол зохиолчийн бичсэн хүүхдийн номыг турк хэл рүү орчуулжээ. Түүнчлэн одоогоор “Насрэдин Хожа, түүний харамч хөрш хоёрын үлгэр”, “Хиймэл үсэндээ нуугдсан хатан хаан”, “Сэнтийдээ хайртай хаан”, “Жилд нэг онгойдог дэлгүүр”, “Үс урлаач”, “Шидэт малгай”, “Шидэт шүхэр” зэрэг Туркийн хүүхдийн долоон зохиолыг хэвлэн гаргаад байна.


相关新闻