Д.Мөнхмаа: Хүмүүс ялгаатай байдлаа хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/. Энэ хичээлийн жилээс зарим сургуульд сэтгэлзүйч ажиллаж
эхэлсэн. Орхон аймагт 4, 5, 8, 14, 15 дугаар сургуульд мэргэжлийн сэтгэлзүйч
ажиллаж байгаагаас 5 дугаар 10 жилийн
сургуулийн сэтгэлзүйч Д.Мөнхмаатай
ярилцлаа.
-Та сэтгэлзүйч мэргэжлээр хэдэн жил ажиллаж байна вэ?
- 2013 онд МУИС-ийг сэтгэл судлаач мэргэжлээр төгсөөд Эрдэнэт хотын Маргад дээд сургуульд 5 жил
сэтгэл судлалын багшаар ажилласан. 2015 оноос 5 дугаар сургуульд хүүхэд
төлөвшлийн /нийгмийн ажилтан/ ажилтан хийж байгаад энэ жилээс сэтгэл
зүйчээр ажиллаж байна.
-Хүүхдүүд ямар асуудлаар их ханддаг вэ?
-Ер нь ахлах болон дунд ангийн
сурагчид үе тэнгийнхний харилцаа, гэр бүл, эцэг эхтэйгээ ойголцохгүй байх, эцэг, эх нь салахад өөрт нь болон ээж, аавд
нь хэрхэн хүнд тусч байгаатай холбоотой зөвлөгөө авдаг. Өсвөр насны хүүхдүүдэд
үе тэнгийнхний харилцаа маш чухал байдаг. Хүүхдүүд үеийнхэнтэйгээ ойлголцохгүй
болоод ирэхээрээ сурах идэвхгүй болж ганцаардах, улмаар гэрийхэнтэйгээ маргалдаж
зөрчилддөг. Иймд тухайн хүүхэд ямар
асуудлаар хандаж байгаагаас шалтгаалж хэдэн
удаа зөвлөгөө өгөх вэ, цаашид яаж ажиллахаа шийддэг. Зарим хүүхэдтэй урт хугацаанд ажиллах
шаардлага ч гарч байна. Зарим нь нэг, хоёр сарын дараа ч сэтгэл санаа нь
тогтвортой, болж байгаа нөхцөл байдлыг бодитоор хүлээн авч тайвширч байна эсвэл
өөртөө итгэж өөрийгөө ч өөрчилж эхэлж байна. Хүүхдүүд хэн нэгэнтэй ярилцах, хэн нэгэн өөрийг нь ойлгоосой гэж маш их
хүсч байдаг.
-Үе тэнгийхнийх нь харилцаа хүүхдүүдэд хүндээр тусдаг гэлээ.
Ийм нөхцөлд ямар арга хэмжээ авдаг вэ? Эцэг эхчүүдэд ч гэсэн зөвлөвөл?
-Тухайн хүүхдэд зориулсан дэмжих бүлгийн сургалт явуулдаг. Хүүхэд анги бүлэг, хамт олонтойгоо таарч тохирохгүй байвал тухайн хүүхдийн ангид нь орж бүлгээр нь ажилладаг. Өнөөдрийн байдлаар нэг долоо хоногт арваас дээш хүүхэд ганцаарчилсан зөвлөгөө авлаа. Тэдний хоёроос гурвынх нь анги хамт олонтой нь ажиллаж байна. Маш олон хүүхэд “Манай ангийнхан надад дургүй” байна гэсэн бодолтой байгаа нь зөвлөгөө авч байгаа хүүхдүүдээс харагдаж байна. Тиймээс ангид нь орж бүлгийн уулзалт, ярилцлага хийхэд хүүхдүүдийн хандлага өөрчлөгдөж байна, тухайн хүүхэд өөрөө ч буруу бодож байгаагаа ойлгож эхэлдэг.
Мөн эцэг эхчүүд
хүүхдүүдээ сайн ажиглах ёстой. Гэнэт дуугаа хураагаад эхэлбэл ярилцаж санаа
зовж байгаа асуудлыг нь хуваалцаж зөвлөгөө өгөх хэрэгтэй. Өөрсдөө шийдэж чадахгүй
бол сэтгэлзүйчид хандаж сурах хэрэгтэй.
-Хүүхдүүд үл хайхрах, гэр
бүл, сэтгэл санааны хүчирхийлэд өртөж байгаа нь гадна төрх, сэтгэл санаа, зан
байдлын өөрчлөлтөөс харагдах тохиолдол цөөнгүй байгаа байх. Үүнийг багш,
нийгмийн ажилтан, ялангуяа та хэр анзаарч ажиллаж байна вэ?
-Ер нь хүүхдүүдийн гадна байдал, үйлдэл, хандлага, үг ярианаас сэтгэл санаа
нь ямар байгаа нь анзаарагддаг. Иймд багш, нийгмийн ажилтан, сургуулийн
удирдлага гээд бүгд л анзаарсан бол анхаарч ярилцаж эхэлдэг. Үл хайхрах
хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд ч андашгүй байдаг. Олон хоногоор хичээлээ таслах,
гэрийн даалгавраа хийхгүй байх, хувцас хунараа ч цэвэрхэн өмсөхгүй болж
эхэлдэг.
-Сургуулийн орчинд
хүүхдүүдийг хүмүүжүүлэх, сэтгэл санааг нь ойлгох, тайван байлгахад багшийн
үүрэг оролцоо маш чухал. Иймд багш нарын сэтгэл санааны тогтвортой байдал
сурагчдад ч гэсэн нөлөөлнө. Багш нарын хандлагад чиглэсэн сургалт, лекцийг танай
сургууль зохион байгуулдаг уу?
-Сэтгэл зүйчдийн хувьд насанд
хүрэгчидтэй ажиллахад ер нь хэцүү байдаг. Гэхдээ манай сургууль энэ чиглэлд янз
бүрийн сургалт, зөвлөгөө зохион байгуулдаг. Бага ангийн багш нар дунд, ахлах
ангийн багш нараа бодоход ачаалал ихтэй, олон бага насны хүүхэдтэй харилцдаг тул бухимдах, зарим үед халширдаг ч байх. Иймд сэтгэлзүйчийн хувьд сэтгэл санааг нь
өргөх нэг сайхан үг хэлчих юмсан гэж хичээдэг. Багш, эцэг эх, хүүхэд гурвын
харилцаа сайн байж л тайван орчин бүрдэнэ. Тиймээс аль аль нь биесээ хүндэтгэж
ойлгох хэрэгтэй байдаг.
-Хүүхэд том болоод хүмүүжил,
хандлагын хувьд ямар хүн байх нь багадаа ямар амьдралд өссөн, юу
туулсантай холбоотой. Нэг үгээр хэлбэл, хүүхэд-том хүн болоход багадаа амссан
жаргал, зовлон нь нөлөөлдөг. Хайраар дутсан хүүхэд “хайрын дутуугийн мэдрэмжтэй” өснө. Энэ мэдрэмж хүнийг насан туршид нь
зовоодог байх. Дутуугийн энэ мэдрэмжийг яаж
эерэг болгож өөрчилж болох бол?
-Энэ нь сэтгэл судлалын онолоор тайлбарлагддаг. Хүн төрөхөөс эхлээд нас
насандаа авбал зохих хэрэгцээ гэж байдаг. Гэхдээ хүмүүс ялгаатай байдлаа хүлээн
зөвшөөрч сурах хэрэгтэй. Наад захын жишээ нь би намхан, өндөр, тарган, туранхай
гээд бусадтай өөрийгөө харьцуулж эхэлдэг. Эндээс л дутуугийн мэдрэмж эхэлдэг. Энэ
бүгдээс сэргийлэхийн тулд “Ялгаатай байдлаа хүлээн зөвшөөрье” гэдэг
бүлгийн дасгалжуулалтыг зохион байгуулдаг. Хүүхдэд ганцаарчилсан байдлаар энэ бүгдийг
ойлгуулья гэвэл хангалтгүй учир бүлгийн уулзалт, ярилцлагаар ойлгуулвал илүү
үр дүнтэй юм. Энэ мэтчилэн олон арга бий л дээ.
Ер нь одоогийн хүүхдүүд маш өөр, онцгой ертөнцтэй. Тэднийг ойлгохын тулд сайн
ярилцаж, өөрийг нь хүндэлж харьцах хэрэгтэйг эцэг, эхчүүд мартаж болохгүй.
-Сургуулиудад сэтгэл зүйч ажиллаж эхэлсэнд талархаж байна. Цаашид бүх
сургууль ийм болгоосой гэж хүсч байна.
-Ямар ч гэсэн эхний ээлжинд Эрдэнэт хотод 5 сургуульд мэргэжлийн сэтгэл
зүйч ажиллаж байна. Энэ бас нэг алхам. Цаашид сургууль бүр, албан байгууллага бүр мэргэжлийн хүмүүстэй хамтран
ажиллах байх. Хувь хүний сэтгэл санаа ажлын бүтээмж, хамт олны уур амьсгал тэр ч
бүү хэл компанийн хөгжилд ч нөлөөлдөг гэдгийг
хүн бүр л ойлгож байгаа байх.
-Ярилцсанд баярлалаа.