Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан номын сангийн үйлчилгээг танилцуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын бүтээлч сарын хүрээнд "Хүртээмжтэй номын
сан" харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан номын сангийн үйлчилгээ
танилцуулах өдөрлөг Улаанбаатар хотын нийтийн номын сангийн танхимд өчигдөр
боллоо.
Нийтийн номын сангийн хувьд хүртээмж гэдэг нь нас, хүйс,
арьс өнгө, шашин шүтлэг, яс үндэс, хэл болон нийгмийн байдлыг үл харгалзан
бүгдэд нь эрх тэгш үйлчлэх үйлчилгээг илэрхийлж байгаа учраас “Хүртээмжтэй
номын сан” бол номын сангийн үйл ажиллагааг олон талаас нь хүртээмжтэй байлгах
тухай ойлголт юм.
Номын сангийн хүртээмж нь хэрэглэгчдэд аливаа ялгаваргүйгээр үйлчилгээг тэгш хүргэх, уншигчдад тохирсон дэд бүтэц, орчин нөхцөлийг бүрдүүлэх, номын баяжилт, техник хэрэгслээр хангаж үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад оршино. Эдгээр үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газар, Соёлын Яам бодлогын баримт бичигтээ тусган хэрэгжүүлж байна.
Олон Улсын Номын Сангийн Холбоо (ИФЛА), ЮНЕСКО-гоос гаргасан “Нийтийн номын сангийн үйлчилгээ”-ний удирдамжид “Номын сангаас үйлчилгээ үзүүлэх, асуудлыг амжилттай шийдвэрлэх гол нөхцлүүдийн нэг нь бодит хүртээмж юм” гэж үйлчилгээний хүртээмжийн ач холбогдлыг онцолсон байдаг. Иймээс үйлчилгээний хүртээмж номын сангаас үзүүлж буй үйлчилгээг уншигч авч чадаж байгаа эсэхээр илэрхийлэгддэг.
Улсдаа цорын ганц гэж хэлж болох харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Ярьдаг номын сан”-гийн үйлчилгээг Улаанбаатар нийтийн номын сан нээн ажиллуулж байгаа юм. Энэ үйлчилгээ нь харааны бэрхшээлийн улмаас хэвлэмэл ном, бусад материалыг шууд хэрэглэх боломжгүй иргэд олон нийтэд үйлчлэх, тэдний боловсрол, соёл, мэдээллийн эрэлт хэрэгцээг хангах, хүртээмжтэй нийтийн номын сангийн үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн. Энэхүү үйлчилгээнд хандсанаар өөрт хэрэгцээтэй мэдээлэл, ном бусад хэвлэмэл материалыг цахим хүртээмжтэй хэлбэрээр брайль болон том үсгийн форматаар хүлээн авах боломжтой. Мөн интернэт орчинд монгол хэлний ярьдаг програм, дэлхийд тэргүүлэгч NVDA дэлгэц уншигч програм хангамж, цахим ном тоглуулагч, хэвлэмэл материалыг томруулан уншигч төхөөрөмж зэрэг харааны бэрхшээлтэй хүмүүст өргөн хэрэгцээтэй туслагч технологийн техник хэрэгсэл, програм хангамжийг хүртээмжтэй ашиглах нөхцөлөөр хангажээ.
Өдөрлөгийн үеэр “Харааны бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх уншлагын танхимын танилцуулга”, “Брайль болон цахим номын сангийн үйлчилгээний танилцуулга”, “Номын сангаас гадуурх үйлчилгээ ба зөөврийн номын сан: Оюунлаг төрийн албан хаагч”, “Хүртээмжтэй үйлчилгээний шинэлэг хэлбэр: Maker space” зэрэг сэдэвт илтгэл, шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн мэндэлснийй 115 жилийн ойд зориулсан “Их зохиолчийн бүтээлийг хэн уран унших вэ” сэдэвт уран уншлагын уралдаан, Төрийн соёрхолт, МУСГЗ, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Санжаажавын Оюун уншигчидтай хийх уулзалт, асуулт хариултын АХА тэмцээн зэргийг зохион байгуулав. Мөн өдөрлөгийн үеэр ардын язгуур урлагийн “Цацал” хамтлаг, Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуулийн сурагчдын дунд зарласан уран уншлагын уралдаанд амжилттай оролцсон хүүхдүүдийн тоглолт болов.