Хятадын эрх баригчид Монополийн эсрэг төрийн зохицуулах байгууллага байгуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЭЭЖИН. /CCTV/. БНХАУ-ын эрх баригчид Монополийн эсрэг төрийн зохицуулах байгууллага байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлснээ өнөөдөр мэдэгдлээ.
Хятадын төв телевизээр мэдээлснээр, шинэ байгууллагыг нээх ёслолын ажиллагаа Бээжин хотноо орон нутгийн цагаар 09:00 цагт болсон байна. Уг байгууллага нь БНХАУ-ын Зах зээлийн хяналтын ерөнхий газар байрладаг байранд байрлах юм.
Өмнө нь зах зээлийн хяналтын ерөнхий газрын орлогч даргаар ажиллаж байсан Гань Линь монополийн эсрэг төрийн зохицуулах байгууллагыг даргалахаар болсон байна.
Наймдугаар сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин шинэчлэлийг иж бүрэн гүнзгийрүүлэх намын хорооны хуралдаанд үг хэлэхдээ, Хятадын Засгийн газар зах зээлд дангаар ноёрхох явдлыг хязгаарлаж, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах бодлого баримтална гэж мэдэгджээ. Хятадын эрх бүхий төрийн байгууллагууд тус улсад социалист хэлбэрийн зах зээлийн эдийн засгийн өндөр үр ашигтай механизмыг бий болгоход дэмжлэг үзүүлэх ёстой гэж тэрбээр хэлсэн байна.