“Батболдын Энхтүвшин” 12 боть ном уншигчдад хүрлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-11-17 17:40:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шинжлэх ухааны  гавьяат зүтгэлтэн,  академич  Б.Энхтүвшингийн судалгааны бүтээлийг хамарсан 12 боть номын нээлт өнөөдөр боллоо.  


Энэхүү бүтээлийн чуулганыг Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны байгууллага, Судар бичгийн хүрээлэн үүссэний 100 жил, ШУА-ийн 60 жилийн ойд зориулан Б.Энхтүвшин агсны гэргий, үр хүүхдүүд санаачлан ШУА-ийн хамтран зүтгэгч эрдэмтдийн дэмжлэгээр бүтээжээ.

Академич Б.Энхтүвшин агсны хүү Э.Булган, “Аавынхаа бүтээл туурвилыг эмхэтгэн олны хүртээл болгох үр хүүхдүүд бидний хүсэл, энэ хүний бүтээл туурвилыг хойч үедээ үлдээж, уламжлуулах гэсэн  аавтай маань хамтран зүтгэж байсан эрдэмтэн мэргэд, найз нөхдийнх нь чин хүсэл, эрмэлзэл огтолцож энэхүү номын чуулган бүрдлээ. Энэ бүтээлд  аавын минь бичээд нийтэд хараахан дэлгэж амжаагүй гар бичмэлүүд, өмнө нь дэлгэж байгаагүй ховор  гэрэл зургууд, эрдэмтэн мэргэд найз нөхдийн дурсамж сэтгэгдэл зэргийг бүгдийг нь багтааж өгсөн. Өөрөөр хэлбэл, 12 боть номыг боловсрол судлал, статистик, эдийн засаг, шинжлэх ухаан, иргэншил судлал зэрэг салбар бүрийн, тухай салбартаа танигдсан шилдэг  эрдэмтэд бичиж, бүтээлцсэн” хэмээн номын талаар тодотгов.

Энэ үеэр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл  хэлсэн үгэндээ, “Миний дотны нөхөр шинжлэх ухааны төлөө олон жил хамтран зүтгэсэн Б.Энхтүвшиний маань цуврал бүтээл гарч байгаад баяртай байна. Манай Энхтүвшин бол дээд боловсрол, шинжлэх ухааны салбарт ажилласан хугацааныхаа тэн хагасыг боловсролын салбарт, тэн хагасыг академийн удирдлагад ажилласан. Академийн удирдлагад ажиллахдаа 20 жилийг дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгчийн албыг хашиж, амаргүй цаг үед ажилласан гэдгийг зориуд тэмдэглэн хэлэхийг хүсэж байна. Тэр дундаа Академийн ерөнхийлөгчөөр 2 дахь удаагаа сонгогдсоноос хойших он жилүүд бол шинжлэх ухааны амьдрал, Монгол Улсын шинжлэх ухааны салбарт нэлээд хүнд жилүүд байсан. Энэ хүнд жилүүдэд хувиршгүй сэтгэлээр академийнхаа төлөө ажилласан явдалд манай академийн гишүүд талархалтай ханддаг юм.  Энэ 12 боть номноос зөвхөн хувь хүний амьдрал бүтээл төдийгүй Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны салбарын сүүлийн 30  гаруй жилийн түүх харагдана" хэмээв.


相关新闻