Монгол зөгийг балыг БНХАУ, Японоос гадна Германд экспортолно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зөгийн балны боловсруулалт, борлуулалт, экспортыг дэмжих “Honey week Mongolia” 7 хоногийн аян үргэлжилж байна. Аяны хүрээнд зөгийн аж ахуй эрхлэгч нарт зориулсан зөгийн балны боловсруулалт, экспортын чанар стандартын талаар зөвлөж, борлуулалт, хамтын ажиллагааны уулзалтыг зохион байгуулж байна. Мөн зөгийн балны ашиг тусыг таниулах, хэрэглээг нь төрөлжүүлэх, зохистой, зөв хэрэглээний мэдээллийг олон нийтэд хүргэж, аяны хамтрагч 14 ресторан, кофе шоп зөгийн балны тусгай цэсээр үйлчилж байна.
“Honey week Mongolia” аянаар ресторан, кофе шоп зөгийн балны тусгай цэсээр үйлчилж байна.
“Монгол Улсын ХАА-н салбарын нэмүү өртгийн сүлжээний мастер төлөвлөгөө боловсруулах төсөл”-ийн хүрээнд Япон улсын олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллага МҮХАҮТ хамтран зохион байгуулж буй “Honey week Mongolia” 7 хоногийн аян энэ сарын 13-21-нд болж байгаа юм. Аянаар зохион байгуулж буй уулзалтаар манай улсад Зөгийн балны үйлдвэрлэл эрхлэгчдийн кластерийг байгуулахаар болсныг МҮХАҮТ-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан мэдээллээ. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод байгуулж буй “Монголд үйлдвэрлэв” төвөөр дамжуулан манай улсын зөгийн балыг экпортлох, ХБНГУ-ын Берлин хотод нээгдэн ажиллаж буй "Монголын бизнес мэдээлэл-худалдааг дэмжих төв"-өөр мөн дамжуулан сурталчилан танилцуулж худалдах боломжтой болж буйг тэрээр дуулгав.