“Honda” 2050 он гэхэд CO2-ын ялгарлаа тэглэхийг нийлүүлэгчдээсээ хүсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ТОКИО. /Kyodo/.
Японы автомашин үйлдвэрлэгч “Honda
Motor” компани 2050 он гэхэд
нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлаа тэглэхийг томоохон нийлүүлэгчдээсээ
хүссэн талаар уг мэдээлэлд ойр эх сурвалжууд мягмар гарагт мэдээлжээ.
Ингэснээр “Honda” нь CO2-ын ялгарлыг нийлүүлэлтийн сүлжээндээ бүхэлд нь
бууруулах урт хугацааны төлөвлөгөөгөө танилцуулсан Японы анхны автомашин
үйлдвэрлэгч болж байна. Эх сурвалжуудын мэдээлснээр, “Honda” 2025 оны санхүүгийн жилээс эхлэн CO2-ын ялгарлаа 2019 оныхтой харьцуулахад жил
тутам 4 хувиар бууруулах санал гаргажээ.
“Honda” 2050 он гэхэд компанийн үйл
ажиллагаанаасаа гарах CO2-ын
ялгарлыг тэглэхийг зорьж буйгаа хэдийнээ мэдэгдсэн юм. Цаашид тус компани инженерүүдээ
илгээх зэргээр эд анги нийлүүлэгчдээ ийм зорилтод хүрэхэд нь дэмжлэг үзүүлж,
нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах арга хэмжээнүүдийг аль болох ойрын хугацаанд
хэрэгжүүлж эхлэхийг хүсэх ажээ.
Японы бусад
автомашин үйлдвэрлэгчдийн хувьд ч мөн CO2-ын ялгарлаа тэглэхийг зорьж байна. Тухайлбал, “Toyota Motor” 2021 онд хүлэмжийн хийн ялгарлаа өмнөх
оныхоос 3 хувиар бууруулах хүсэлтийг эд анги нийлүүлэгчдэдээ тавьжээ. Мөн “Nissan
Motor” бизнесийн түншүүддээ 2022
оноос CO2-ын ялгарлаа тодорхой
хэмжээгээр бууруулахыг уриалахаар шийдвэрлээд байгаа ажээ.