Л.Оюун-Эрдэнэ: Мод тарих ажлыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарын ажлын үзүүлэлтэд оруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-11-17 09:55:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан 9 цагт Төрийн ордонд эхэллээ. Хуралдаанд Засгийн газрын гишүүдээс гадна 21 аймгийн Засаг дарга нар оролцож байна.


Хуралдааны эхэнд БОАЖ-ын сайд Н.Уртнасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар танилцууллаа. Энэ хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргасан. Зарлигт уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтэй тэмцэх үндэсний цогц хөтөлбөр, стратеги гарган хэрэгжүүлэх, улс, орон нутгийн төсвийн тодорхой хувийг зориулах, иргэн, аж ахуйн нэгжүүдийг татварын болон татварын бус бодлогоор дэмжих, дүүрэг, сумдад ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах зэргийг тусгасан байна. Энэ хүрээнд Ойн салбарын үндэсний чуулганыг зохион байгуулжээ. Улмаар уг чуулганаас гарсан зөвлөмж, Засгийн газрын гишүүдийн саналыг тусгасан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх тогтоолын төсөл боловсруулжээ. Тухайлбал, ХХААХҮЯ-наас ойн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор ойн цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлэх үүднээс төрөл бүрийн шахмал хавтан, модлог шахмал түлшний үйлдвэрийг дэмжих, модны аж ахуйн цогцолбор үйлдвэрийг бүсчлэн байгуулж, кластер зарчмаар хөгжүүлэх эргэлтийн хөрөнгийг хөнгөлөлттэй зээлээр шийдвэрлэх, ургамлын генетик нөөцийг хамгаалах, тэжээлийн болон олон наст ургамлын үрийн нөөц бүрдүүлэх санал ирүүлжээ. Уг саналыг тогтоолын төсөлд тусгасан байна. Түүнчлэн БШУЯ-наас газрын доройтлыг бууруулах, ойжуулалтын судалгаа, туршилт, технологийн төвийг бүсчилж байгуулах, тарьц, суулгацын үйлдвэрлэлийг нэмэх, түүнд ашиглах дэвшилтэт технологи бий болгох, нутагшуулах санал ирүүлснийг тусгасан хэмээн БОАЖ-ын сайд танилцууллаа.


БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, “Ерөнхийлөгчийн санаачилгын хүрээнд “Тэрбум мод” хөдөлгөөнд ДНБ-ийн 1 хувийг зарцуулахаар байгаа юм. Энэ бол их тоо. Үүний хэдэн төгрөгийг төсвийн хөрөнгөөс, хэдийг хувийн хэвшил гаргах вэ. Үүнийг татвараас хөнгөлөхгүй бол хөдөлгөөний санхүүжилт эрсдэлд орно” гэлээ.


Тодорхой хэмжээнд мод тарьж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулах агуулга Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан байна. БОАЖЯ-наас иргэн, аж ахуйн нэгжид хэрхэн урамшуулал олгох талаар судалж байгаа гэдгийг салбарын сайд хэллээ. Өнөөдрийн байдлаар орон нутгаас мод тарьж буй иргэн, аж ахуйн нэгжээ өөрийн төсвөөсөө урамшуулж байгаа аж. Цаашид татварын бодлогоор дэмжих үү, мөнгөн урамшуулал олгох уу гэдгийг ярилцаж байна хэмээн Н.Уртнасан сайд онцлов.


Барилга, хот байгуулалтын сайд Л.Мөнхбаатар аймаг, орон нутгийн удирдлагуудад мод үржүүлгийн газрууддаа газар олгох асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэсэн санал хэллээ.


Харин Шадар сайд С.Амарсайхан тогтоолын төсөлд ургамлын генетик нөөцийг хамгаалах, тэжээлийн болон олон нас ургамлын үрийн нөөц үүсгэх асуудлыг дөрвөн яам хариуцахаар болсон байгаа нь дундаа орхигдох, эзэнгүйдэх магадлалтай гэв.


Мод тариад орхих бус түүнийгээ ургуулах нь хамгийн чухал гэдгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэллээ. Гадаад улс орнуудад модны насжилтаас нь шалтгаалж тарьсан иргэнд нь урамшуулал олгодог байна. Уг туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх хэрэгтэй гэсэн санал хэллээ.


Харин ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж үндэсний хөдөлгөөний хүрээнд ямар мод тарихаа тооцоолох хэрэгтэй гэлээ. Тэрбээр, Улиас хурдан ургадаг ч чанар муутай, Гацуур болон Нарс мод чанартай модод тооцогддог гэв. Түүнчлэн аймгийн төв, томоохон хот газарт жилийн дөрвөн улиралд ногооноороо байдаг мод тарихад түлхүү анхаарах нь зөв гэсэн юм.


Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймаг, сум бүр мод тарих 10 жилийн нэгдсэн төлөвлөгөө, төсөв мөнгөө тусгасан тогтоол гаргах албан бичгийг аймаг, нийслэлийн ИТХ-д бичгээр хүргүүлсэн. Түүнчлэн 1000 сургагч багш бэлтгэх асуудал чухал. Үүнийг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан зохион байгуулах хэрэгтэй” гэв.


Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн зөвхөн Монгол Улсын экологийн тэнцвэрт байдлыг хадгалах төдийгүй уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах хүн төрлөхтний үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа чухал ажил юм. Дэлхий дээр цаашид юу болохыг таамаглаж хэлэхэд хүнд. Гэхдээ дэлхийн цаг агаар дулаарах нь тодорхой. Дэлхийн дулаарлаас улбаалж байгалийн гамшигт үзэгдлийг давтамж нэмэгдэж байгаа. Манайд ч газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж байна. Дэлхийн цаг агаар сүүлийн 150 жилд 1 хэмээр дулаарсан. Хэрэв 2-оос дээш хэмээр дулаарвал эх дэлхийг хамгаалахад хэт оройтно гэдгийг олон улсын судлаачид хэлж байгаа. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд хүн төрлөхтөн бол нэг байна гэсэн ойлголтод нэгдэх хэрэгтэй. Тийм ч учраас “Тэрбум мод” бол зөвхөн мод тарих биш эх дэлхийгээ хамгаалах асуудал. Цаашлаад гол усаа хамгаалах, хог хаягдлаа дахин боловсруулах шинэ технологи руу орох цогц асуудал гэж ойлгох хэрэгтэй. БНХАУ-ын Эрээн хотод цар тахалтай холбоотой асуудал үүсэхэд юу болов. Бид дотооддоо ногоо хангалттай тарьж чаддаггүй гэдэг нь харагдаж байна. Энэ бол дотоодоос хүнсний хэрэгцээгээ хангах том зорилтыг цогцоор нь шийдэх ёстой. Жимс жимсгэнэ тарих, баруун аймгуудад эмийн үйлдвэр байгуулах, Дархан, Сэлэнгийг хөдөө аж ахуйн бүс байгуулах, Өмнөговь, Дорноговь аймагт аж үйлдвэр хөгжүүлэх, усан хангамжийг сайжруулах төсөл ч үүнтэй холбоотой” гэлээ. Мөн тэрбээр Засгийн газар уг тогтоолыг баталж буйг хэлээд ирэх онд Ойн судалгаа, хөгжлийн агентлаг ирэх онд ажиллаж эхлэх бөгөөд чадварлаг боловсон хүчин бүрдүүлэх хэрэгтэй гэдгийг онцолсон юм.


Цаашлаад аймаг, нийслэлийн Засаг дарга нарын ажлын үзүүлэлтийг өөрчилж, мод тарьсан, цахим шилжилт хийсэн байдал, хог хаягдлын менежментээ байгальд ээлтэйгээр шийдвэрлэсэн байдлыг үндэслэн шалгаруулдаг болно гэдгийг Ерөнхий сайд танилцуулав. Мод тарьсан, цахим шилжилт хийсэн, хог хаягдлаа зөв менежментээр шийдвэрлэсэн аймаг, дүүргийг 2023 оны төсвөөр илүү дэмжинэ гэдгийг тэрбээр цохон тэмдэглэв.

相关新闻