“Орчин цагийн Зэвсэгт хүчин 100 жил” сэдэвт марк гүйлгээнд гарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Орчин цагийн Зэвсэгт хүчин 100 жил” сэдэвт шуудангийн марк 11 мянган ширхэг хэвлэгдэн худалдаанд гарлаа.
Уг маркийг бүтээхэд Монгол цэргийн музейн хамт олон мэргэжлийн
зөвлөгөө, зураг материалаар хангажээ. Харин зураач Б.Баярхүү, дизайнер
Ж.Ганхуяг нар урлан бүтээсэн байна.
Энэхүү маркт Бүх цэргийн Их хар сүлд, Зэвсэгт хүчний Жанжин туг,
Батлан хамгаалах яамны байр, Зэвсэгт хүчний өөрчлөлт, хөгжлийг харуулсан гурван
үеийн дүрэмт хувцастай цэргийн алба хаагч, Ардын хувьсгал ялах үеийн түүхэн үйл
явдал, Халхын голын байлдаан, Монгол Ардын Армийн зэвсэглэлд шинээр орсон
пуужин, сөнөөгч онгоц, тээврийн онгоц, машин, нисдэг тэрэг, танк зэргийг
дүрсэлжээ.
Нээлтийн ёслолын үеэр ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг хэлсэн үгэндээ, “Аливаа салбар, байгууллага өөрийн түүх, дайчин уламжлал, хөгжил дэвшил, баяр бахархлын ойг тэмдэглэхдээ туулж өнгөрүүлсэн түүхэн замналаа ямар нэгэн хэлбэрээр бичиж үлдээхийг эрхэмлэдэг. Энэ нь эрт, одоо, ирээдүй гурван цагийн дор тухайн салбарын түүх, дурсамж, сургамж болж өвлөгддөг юм. “Монгол шуудан” компанийн бүхий л салбараар Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, түүний харьяа нэгтгэл, анги, байгууллагууд өнгөрсөн нэгэн зууны туршид үйлчлүүлж, идэвхтэй хэрэглэгч, дэмжигч, хамтран ажиллагч нь байсаар ирснийг энэ өдөр онцлон тэмдэглэе. Шуудангийн марк нь шуудангийн мөнгө төлсний баримт болгон захидал бичиг зэрэгт наах мөнгө төгрөгийн тоо бүхий зурагт цаас бөгөөд аливаа улс орны үндэсний бахархал, тусгаар тогтнолын баталгаа болдог үнэт зүйл төдийгүй ирээдүй хойчдоо тухайн салбарын үүх түүхийг сайтар мэдрүүлэх, соён гэгээрүүлэх, дурсгал болгон нандигнан хадгалах чухал ач холбогдолтой байдаг” гэдгийг онцлов.
Энэхүү маркийн анхны өдөрт зориулсан нээлтийн ёслолд ЗХЖШ-ын Ахмадын хорооны
дарга, бэлтгэл хошууч генерал Д.Бадам, “Монгол шуудан” компанийн дэд захирал
Ш.Гантулга, тус компанийн Марк, үнэт цаасны хэлтсийн дарга Б.Дамдинсүрэн болон
ЗХЖШ-ын газар, хэлтсийн дарга, Төрлийн цэргийн командлагч нар оролцов.